Цаг үеийн мэдээ

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн 30 хоногийн хугацаанд саатуулагдсан. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, 276 хүний саналаар "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од ялалт байгуулсан. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Л.Төр-Одод баяр хүргэхээс татгалзаж буй бичлэг сошиал орчинд цацагдсан байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Т.Дүүрэнг 30 хоногийн хугацаанд АТГ-аас саатууллаа...

-Өчигдрийн болсон үйл явдлын талаар хэлье. Урьд өдөр нь танхимын гүйцэтгэх захирлыг шүүхийн шийдвэрээр хорьсон байгаа. Өчигдөр сонгууль болсон. Энэ бол бизнесийн төлөөллийн байгууллага байхгүй юу. Манай байгууллагын дүрэмд ч тэр асуудал бий. Өчигдөр бизнес эрхлэгчид маань санал өгөх дөө хоёр дахь хэлэлцүүлэгт гараад явчихсан. Ерөнхий дөө зарим хүмүүс ухаалаг ажилласан. Хардах эрх байгаа. Өчигдрийн баривчилгаатай холбоотой ажлыг зохион байгуулсан гэх хардалт бий.

Хөдөө орон нутгаас 420 гишүүн ирсэн. Тэднийг хайрцаглаж оруулж ирсэн. Хөдөө орон нутгийг хариуцаж байсан хүн өмнө над дээр ч тэгж хайрцаглаж оруулж ирж байсан. Нийт бизнес эрхлэгчид гэхээсээ илүү хөдөө орон нутгаас ирсэн зарим нэг татвар төлдөггүй хүмүүсийн сонголт байлаа. Ийм хүмүүсийн асуудлаар бизнес эрхлэгчдийн төлөөллийн дуу хоолойг төлөөлж чадахгүй. Процесс нь өөрөө шударга бус байлаа. Бидний хувьд дүрэмдээ сайжруулах зүйл байгаа. Уржигдрын баривчилгаатай холбоотой асуудал байгаа учраас шударга бус боллоо гэж үзсэн. Тэрнээс надад хэн нь ялах нь чухал биш. 

-Баривчилгааг зохион байгуулсан хүн Л.Төр-Од гэж үзэж байна уу та?

-Үр дүнгээс харахад тэгж л харагдаж байна. Манай хүн АТГ-ын олон нийтийн зөвлөлд байсан. Өргөдөл гомдлуудыг өгдөг ийм хүн. Сонгуулийн өмнө эсвэл сүүлд нь хийж болох байсан зүйлийг яг сонгуулийн үеэр хийж байгаа нь ёс зүйгүй. Дээр нь энэ байгууллагын ерөнхийлөгч бизнес эрхэлж байсан хүн байгаа байхгүй юу. Өмнө нь нэг ч олигтой бизнес эрхэлж байгаагүй, дандаа төрийн байгууллагуудаар үсэрч явсан ийм хүнээр удирдуулна гэдэгт өмнөөс нь харамсаж байна. 

-Та Баатарсайханыг дэмжиж байсан уу?

-Хэн гарч ирсэн дээ биш, яаж гарч ирсэн дээ л учир байгаа.

-Т.Дүүрэнг саатуулагдсан талаар та сайн мэдэж байгаа байх. Их хэмжээний ам.доллар алга болсон гэдэг асуудал яригдаж байна шүү дээ...

-Танхимд тодорхой хэмжээний хадгаламж байдаг. Өмнөх ерөнхийлөгчөөс залгамжилж ирсэн. Тэнд би ганцаараа гарын үсэг зурдаг. Тэр данс ерөөсөө хөдлөөгүй. Бусад аж ахуйтай холбоотой асуудлыг гүйцэтгэх захирал мэддэг. Ерөнхийлөгчийн хувьд бодлогын асуудалтай холбогддог. 

Таны сурталчилгаа