Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд III/15-ны өдрөөс короновируст халдвар /ковид-19/-ын голомтод багаа удирдан 14 хоногийн турш ажилласны үр дүнд голомт хумигдаж халдвар тархах эрсдэлийг бууруулж чаджээ. Мөн 2020 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймагт бүртгэгдсэн халдварын голомтод ажиллаж, голомтыг бүрэн таслан зогсооход багаа удирдан ажилласан чадварлаг тархвар судлагч ЭМЧ юм.

Тэрээр 3 сарын 28-ны өдөр Цэцэрлэг суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт зүрхний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж Цэцэрлэг сумын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтайгаар Улаанбаатар хотод Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хүргэгдэн эмчлэгдэж байсан юм. 

Б.Баасандорж эмчийн зүрхний мэс засалд зориулан хамт олноос нь хандивын аяныг өрнүүлсэн ба өнөөдөр зарцуулагдах хандивын мөнгө сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгээр гүйцсэн тул өнөөдрөөс хандивын аяныг зогсоохыг Б.Баасандорж эмч болон түүний гэр бүлийн зүгээс хүссэнийг уламжилж байна.

Таны өгсөн сэтгэлийн дэм  энэ залуу эмчид тэр хүнд хагалгааг даван туулахад сэтгэлийн их хүч болж удахгүй сайхан мэдээ дуулгаж ээж аавдаа, алаг үрсдээ, хамт олондоо эрүүл энх  эргэн ирж та бүхнийхээ нэг зүрхний төлөөх сайхан сэтгэлийн хариуг мянган зүрх баярлуулах хүн ардынхаа эрүүл энхийн төлөө чин зүтгэлээр хариулах болно.

Сэтгэлийн дэм хайрласан Н.Цогбадрах захиралтай ЗӨСҮТ-ийн болон салбар төвүүдийн хамт олон, М.Үүрийн баяр даргатай Хөвсгөл аймгийн ЭМГ-ын хамт олон, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын болон өрхийн ЭМТ-үүд, Хувийн хэвшлийн ЭМ-ийн байгууллагууд, Ц.Төмөр-Очир захиралтай Улсын III төв эмнэлгийн хамт олон болон мэргэжил нэгт андууд, найз нөхөд,  сэтгэлийн хандив өргөсөн бүх хүмүүстээ Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн хамт олон бид чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Та бүхнийхээ ажил, амьдралд нь амжилт хүсэж, сайн үйлс бүхэн тань дэлгэрч байхын ерөөл өргөе.

“Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг ардын сайхан үгтэй ард түмэн минь Та хэн ч бай бие биедээ дэм хайрлаж урмын сайхан үгс хайрлаарай. Та бүхэндээ маш их талархлаа.

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн хамт олон