Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газраас “Ногоон автобус”-ны хэрэгт 27 хүнийг яллагдагчаар татаж, шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлжээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэлийн ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-“Ногоон автобус”-ны хэргийн талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-“Ногоон автобус” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас явуулж дуусгалаа. Тухайн хэргийг шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн автобус худалдан авах үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус болох нь тогтоогдсон. Энэ хэргийн улмаас учирсан хохирол нь 134.5 тэрбум төгрөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийн хохирлыг бэлнээр, 46.1 тэрбум төгрөгийг үнэлгээ бүхий чанар стандартын шаардлага хангасан автобусыг хүлээн авах замаар хохирлыг нөхөн төлүүлсэн. Одоо энэ хэргийн улмаас үүссэн хохирлын 76.5 тэрбум төгрөгийн хохирол байна. Түүнийг төлүүлэх үүднээс 71.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг битүүмжлэн, зарж борлуулах, бусдад шилжүүлэх боломжгүй болгосон. Энэ хэрэгтэй холбогдуулан тендер зарласан, худалдан авах үйл ажиллагаанд оролцсон, зуучилсан гэх мэт бүх албан тушаалтныг шалгасан. Ингээд гэмт хэргийн шинж тогтоогдсон 27 этгээдийг яллагдагчаар татсан. 

-Тухайн 27 этгээдүүд ямар албан тушаалтай хүмүүс байгаа вэ?   

-Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой яллагдагчаар татагдсан 27 хүн дотор УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан бий. 

-Шинжээчийн баг томилсон. Дүгнэлт нь юу гэж гарав?

-“Ногоон автобус”-ыг мэргэжлийн шинжээчийн багаар шинжлүүлсэн дүгнэлт “Технологийн бус аргаар угсарсан”, “Тендерт тавьсан шалгууруудыг хангахгүй” гэж гарсан.

-Яллагдагчаар татагдсан 27 этгээд дотор тухайн үеийн Хотын дарга болон Хот хариуцсан түгжрэлийн сайдын нэр байгаа болов уу?

-Тухайн үеийн хариуцсан сайд, УИХ-ын гишүүн яллагдагчаар татагдсан. Тухайн үеийн Хотын даргыг хэрэгт холбогдуулан шалгахад яллагдагчаар татах үндэслэл байгаагүй.