Цаг үеийн мэдээ

Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхлээд Хүрэлбаатар гэдэг хүнтэй холбоотой хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлэгийн шинж чанартай мэдээллүүдийг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 жилээр газрыг гадаадынханд олгох гэж байна, Хүрэлбаатар олгох гэж байна гэх мэтийн олон гүтгэлгүүд явсан. Энэ бүгдийг хэн зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. Эзэн нь өөрөө гарч ирж, хэвлэлийн хурал хийгээд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-ын даргад ярьж байна. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад оруулж байгаа асуудал, Сангийн сайдын томилгоотой холбоотойгоор нийтдээ долоон удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг ирж байх шиг байна. 

Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Монгол Улс их хөрөнгө оруулалттай байж байж хөгжинө. Монгол Улс хөгжиж байж ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа монгол залуучууд монголдоо ажиллах боломж нь бүрдэнэ. Ийм учраас Монгол Улсын хөдөлгүүр болдог Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Үүнийг хийхдээ олон хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирж байгаа. Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл одоо арилжааны банкууд хүү өндөртэй. Гадны банк орж ирвэл өрсөлдөнө, хүү буурна. Зээлийнхээ хүүнд дарлагдаж байгаа олон монголчуудын хувьд зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлж өгөх боломжийг гадны хөрөнгө оруулалттай банк орж ирж тус нэмэр болно. Ийм учраас би банкны салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирээсэй гэж хүсэж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургуулиуд монголд байгуулагдаасай. Монгол залуус гадаадад их дээд сургууль төгсөх биш монголдоо тэр орчин нь бүрдээсэй. Гадаадын том том эмнэлгүүд монголд орж ирж үйл ажиллагаагаа явуулаасай. Жалгаар нэг хаягддаг арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгодог хөрөнгө оруулагчид монголд орж ирээсэй. Түүхий шахам анхан шатны боловсруулалт хийгээд гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад боловсруулдаг хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэж би хүсч байна. Ингэж байж мянга мянган залуус өндөр цалин орлоготой болох боломж нь бүрдэнэ. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Ийм болохоор аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлээд явах ёстой. 

Би Ардчилсан намыг зах зээлийн харилцааг дэмждэг, хувийн хөрөнгийг дэмждэг нам гэж бодож явж ирсэн. Өнөөдөр АН-ын гишүүдийг хараад харамсаж байна. Өнөөдөр төрийн хөрөнгө оруулалтаар биш хувийн хөрөнгө оруулалтаар явах ёстой. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж байгаа хүмүүсийг дэмжих ёстой. Монгол Улсад юмыг хааж, боож хөгжихгүй. Харин эсрэгээрээ хүний санал санаачилгыг, эрх чөлөөг, ардчиллыг дэмжиж байж Монгол Улс хөгжинө. Өнгөрсөн 30 жилийнхээ хөгжлийн туршлагыг бид харлаа. Монгол Улсын Засгийн газар Эдийн засаг хөгжлийн яамаа байгуулаад хөгжлийн асуудлыг хурдасга гэж оруулж ирсэн. Унаад байсан эдийн засгаа бид босгоод авчихлаа. Унаад байсан төгрөгийн ханшаа бэхжүүлээд авчихлаа. Валютын нөөцөө бүрдүүлсэн. Төсвийн орлого даваад биелээд явж байна. Гол өсөлт уул уурхайн тээвэрлэлт дээр явж байна. Бусад салбарт өсөлт явахгүй байгаа учраас эдийн засгийн өсөлтийн мөнгө айл өрхийн хаалгаар орохдоо удаад байгаа юм. 

Хоёр зүйл дээр үндэслэн гүтгэлэг явагдаж байна. 1993 онд батлагдсан хуульд гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна гэсэн байгаа. Өмчлүүлэх биш шүү. Ашиглуулна. Түүнийг нь нэг удаа 40 жилээр сунгаж болно гээд одоогоос 30 жилийн өмнө хууль гаргаад баталчихсан. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдад 100 жилээр газар ашиглуулна гэдэг хуулийг Н.Багабандийг УИХ-ын дарга байхад нь тухайн үед УИХ баталсан. 30 жилийн өмнө би МУИС-ийн багш байсан. 

Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга нь З.Энхболд, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байхад энэ хуульд өөрчлөлт орсон. Ингээд 60 жилээр газрыг хөрөнгө оруулагчдад ашиглуулж болно. Эзэмшүүлж болно гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эзэмшүүлж болно гэсэн үгийг нэмсэн. Ингээд 60 жилээр олгосон газраа 40 жилээр нэг удаа сунгаж болно гэж заасан. 100 жилээр ашиглах гэдгийг анх 1993 онд баталсан. Эзэмшүүлнэ гэдгийг оруулж ирсэн он бол 2013. Энэ бүхний ард буй эзэн гэх хүн тэр үед Засгийн газарт нь ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд нь байсан. Тэр хүмүүс өөрсдөө хийчихээд энэ хуулийг засаж янзлах гэж байгаа хүн рүү бүх харлуулах үйл ажиллагаа, гүтгэлгийг тараасан. Энэ хуульд бид 2013 онд оруулж ирсэн эзэмшүүлэх гэдэг үгийг хасаад, ашиглуулах болгож Үндсэн хуульдаа нийцсэн өөрчлөлтийг оруулсан. 

Дараагийн асуудал нь гадны хүмүүсийг чөлөөтэй оруулж ирдэг нөхцөлийг бүрдүүлэх гэж байна гээд байгаа. Виз олгох асуудлыг зохицуулах хуультай. Тэр хуулиараа виз олгодог. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Гадаадын иргэн харьяатыг зохицуулсан тусгайлсан агентлаг байгаа. Тэр агентлаг гадаадын иргэдийн визийг хянадаг. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой бүх зүйлийг бид судаллаа. Хөрөнгө оруулалтын асуудалд виз ярихгүй. Хаа хамаагүй хуульд байдаг зүйлийг энд нааж ирж гүтгэлэг явуулж байна. B1, B2, B3 гэх гурван төрлийн визийг хөрөнгө оруулагчдад олгодог юм байна. 

Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нь багасаад байдаг мөртлөө гомдол нь нэмэгдээд байдаг. Анх 8 гомдол ирж байсан. Одоо 69 болсон. Ийм учраас хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг хийхдээ аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь оролцуулсан. Удаа дараагийн ярилцлага хийсний үндсэн дээр асуудлуудыг хуульд тусган оруулж ирсэн. Гадаадын иргэдийг хар тамхиар мансууруулж байгаад тусгай зөвшөөрлийг авчихдаг. Эсвэл хууль хүчний байгууллагуудаар дарамтлуулдаг. Газар олгочихоод үл тоодог гэх мэт гомдлууд их байна. Энэ хуульд заавал тэдгээр асуудлуудаар шүүхээр орох шаардлага байхгүйг зааж өгсөн. Хөрөнгө оруулагч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсэн хамгийн урт хугацаа 16 жил 2 сар болсон байна. Дунджаар 6 жил 2 сар байна. Би хөрөнгө оруулчихаад 6 жил шүүхээр явахаар ашиг олох боломжгүй болчихно. Тийм учраас Монгол Улсын хөгжил удаашраад байдаг. Тиймээс ажлын байр бий болохгүй монгол олон залуус гадаадад ажиллаж байна. Тийм учраас л бид энэ болохгүй байгаа зүйлийг засъя гэж энэ хуулийг оруулж ирсэн.