Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ГХО-ын тухай хуулийн газрыг 100 жил ашиглуулахтай холбоотой заалтыг татаж авч байгаагаа мэдэгдэв. Тэрээр:

-Монгол Улсын иргэн н.Номун-Эрдэнэ "газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болго" гэсэн санал санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулсан. Долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэн дэмжиж гарын үсэг зурсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хэлэлцэх хуультай. УИХ-аас тухайн иргэний санал санаачилгаар Газрын хөрөнгө оруулалтын хуулиар 100 жил ашиглуулахыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн. Ингээд хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Газрын тухай хууль болон ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг зайлшгүй шалгах шаардлага байна. Иргэд 0.07 га газраа авч чадахгүй байхад гадаадын иргэд 100 жилээр газар эзэмших асуудал хөндөгдөж байна. Өмнөговьд ийм асуудал гарсан. Газрыг танил тал, эрх мэдэлтэй нь авдгийг шалгах Хяналт, шалгалтын түр хороо, ажлын хэсгийг байгуулсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэгдмэл байр, суурьтай байгаа. Газар бол улсын үндэс.

Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх ёсгүй гэж үзэж, таслан зогсоох өндөр босгыг энэ хуулийн төслөөр тавьж байгаа гэж үзэж байна. 2013 онд баталсан энэ заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хэрэгжээгүй боловч үүд хаалгыг нь нээж өгсөн гэж хардаж байна. Гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, тусгаар тогтнолд халтай хуулийн төсөл өргөн барих нөхцөлийг бүр мөсөн хаах болно.

2013 оны Засгийн газрын тухай хуульд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болгож байна. Хэдийгээр энэ заалт Газрын хууль тусгагдаагүй ч хуулийн боломж бий болгочихсон. Цаашлаад Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Иноваци цахим бодлогын байнгын хорооны дарга нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг гуравдугаар сарын 15-нд чуулган эхлэхэд бэлтгэл ажлыг хангасан байна гэв.