Цаг үеийн мэдээ

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг танилцууллаа. Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.

-ХЭҮК Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрхийн асуудлаар долоон бүлэг сэдвийг тусгасан байна. Эдгээрээс хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа бүлэг нь аль нь гэж танд ажиглагдав?

-Хүний эрхийг том агуулгаар нь 3 том бүлэгт бүлэглэдэг. Иргэний болон улс төрийн эрх. Эдийн засаг, нийгэм, соёлын эрх, зорилтот бүлгийн эрх гээд. Аль алинд нь анхаарах асуудал бий. Гэхдээ олон улсын индексээр 50-иас доош хувь руу орсон нь  эрүүл аюулгүй амьдрах эрх. Тэгээд сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхүүд 50 хувиас доош орчихдог. Тиймээс энэ эрхүүдэд илүү анхаарал хандуулах ёстой. Бид үүн дээр ахиц дэвшил гаргах шаардлагатай. 

-Илтгэл танилцуулах явцад дотоод орчны агаарын чанарын стандарт Монголд алга. Үүнийг батлахын тулд хэд хэдэн арга хэмжээ авах ёстой гэсэн. Танайхаас цуглуулж байгаа дата мэдээллээр ямар хүчин зүйл ихэвчлэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улсад ганцхан итгэмжлэгдсэн лаборатори агаар орчны чанарт шинжилгээ хийдэг.

Мөн НЭМҮТ-өөс гарсан үр дүн бий. Үүнд санаа зовоосон асуудал нь дотоод орчны агаарын чанар.  Барилгын материал нь дотоод орчин болон амьсгалд нөлөөлөхүйц байна уу, үгүй юү. Агааржуулалтын системийг барилга байгууламжид олон улсын стандартын дагуу тусгаж  байна уу, үгүй юү гэх мэт асуудал гарч ирж байна. Тиймээс нэгдүгээрт, дотоодын стандарттай болох ёстой юм байна. Хоёрдугаарт, тэр стандартын дагуу мэдээллийг ил тод болгох ёстой. Жишээлбэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг хүн олноор цуглардаг газрын агаарын чанарыг ил болговол араас нь хяналт тавьж, стандарт хангуулахыг шаардана. Дагаад аажимдаа ахиц дэвшил гарна. Гэтэл одоогийн нөхцөл байдалд ийм зүйл алга. Өөрөөр хэлбэл,

бидэнд дотоод орчны агаарын чанарын стандарт байхгүй. Агаарын чанарын асуудлаас улбаалж 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл ихэсч байна, дагаад нас баралтад нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.

Зарим эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар амьсгалын замын өвчлөлийн шууд нөлөө нь агаарын чанартай холбоотой гэж тайлбарлаж байна. Үгүйсгэх аргагүй. Тиймээс үүнд тодорхой арга хэмжээ авах ёстой. Нэн даруй стандарт баталж, хяналт шалгалт хийж, түүний мөрөөр нь арга хэмжээ авах шаардлагатай. Олон нийтэд, эцэг эхчүүдэд, хүүхдүүдэд өөрсдөд нь ойлголт өгөх ёстой. Тэгээд барилгыг барихаас эхлээд хяналт тавих процесс бий болгох. Мөн эцэг, эхчүүд эсвэл иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавих бололцоог хангаж өгөх шаардлагатай. 

-НЭМҮТ-ийн мэдээллээр агаарын чанарт нөлөөлж байгаа эх үүсвэрүүдэд утааны асуудал хамгийн том байр суурийг эзэлдэг. Жишээлбэл, шахмал түлш гэхэд стандарт нормын дагуу хийж байна уу, чанарыг хангаж байна уу гэдэг судалгааг танайхаас хийх боломжтой юу. Өнөөдөр (гуравдугаар сарын 23-ны өдөр) л гэхэд 10 хүн зэрэг угаартаж нас барлаа гэдэг харамсалтай мэдээлэл гарлаа. Үүн дээр судалгаа хийж дата цуглуулах боломж нөхцөл бий юү?

-Нас баралт, өвчлөлийг үүнээс болсон гэж шууд хэлэх боломж хомс. Шахмал түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг холбогдох албанаас олон нийтэд түгээж байгаа харагддаг. Шахмал түлш түүхий нүүрсийг бодвол өөр нягтралтай. Цавуулаг гэх барьцалдуулагч бодис хийчихсэн. Тиймээс яндангийн хаалтыг огт хааж болохгүй. Зориулалтын зууханд түлэх ёстой. Зориулалтын бус пийшин зуухтай бол ийм ийм зүйлд анхаараарай. Угаар мэдрэгч тавиарай зэрэг мэдээлэл түгээж байна. Гэсэн хэдий ч зарим иргэдэд энэ мэдээлэл төдийлөн сайн хүрэхгүй байгаа нь харагдаж байна. UNICEF-ийн хүүхдүүдийн өвчлөл дээр хийсэн судалгаа бий. 2018 онд ХЭҮК-ын бас  НЭМҮТ-ийн судалгаа байгаа. Эдгээрт бүгдэд нь уушгины болон зүрх судасны  өвчлөл  ялангуяа утаанаас болсон байх магадлалтай гэдэг тоо баримт бий. Амь нас, эрүүл мэндэд хүрч байх эрсдэлтэй байгаа учраас богино хугацаанд ямар арга хэмжээ авах вэ. Угаартахгүйн тулд ямар арга хэмжээ авах, урт хугацаанд юу хийх вэ гэдэг төлөвлөгөөтэй, бодлоготой, цэгцтэй явахгүй бол болохгүй. 

-Шахмал түлшийг туршиж үзэлгүйгээр хэрэглээнд шууд нэвтрүүлсэн гэдэг зүйл яригддаг. Энэ талаар мэдээлэл авъя гээд ЭМЯ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар гэх мэт албан байгууллагад хандахаар хаалттай байгаад байна. ХЭҮК нэгэнт л хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллага учраас туршаагүй гэдэг дээр нь үндэслээд судлах боломж байгаа болов уу?

-Шинжээчийн дүгнэлтийг эх сурвалж болгох нь зүйтэй байх. Агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр, хороо гэж байх үед Нийслэлийн агаар орчны асуудал эрхэлсэн газар зэрэг байгууллагууд хамтарч нэг мэдээлэл авч үзсэн юм. Тэгэхэд “Бид түүхий нүүрсийг угаагаад, барьцалдуулагч бодисыг хийж байгаа. Тэр нь зуух голдог. Зуухны асуудал байна. Дээр нь өөрсдөө түүнийг хянадаг байх ёстой. Хаалтыг хааж болохгүй” гэж хэлж байсан. 

Яг энэ нь өөрөө хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдэг дүгнэлтийг лабораторид шинжилж таарна. Хятадаас импортлож байгаа цавуулаг нь эрүүл мэндэд ямар үр нөлөөтэй вэ гэдгийг мэргэжлийн лабораторид шинжлэх ёстой. Гэтэл бид шинжээчийн дүгнэлтгүй юуг ярьж, харж байна вэ гэхээр өвлийн улиралд бидний амьсгалж байгаа агаар дахь азотын хий, хүхрийн исэл, PH2.5 байх ёстой, гэтэл олон улсын стандарт хэмжээнээсээ хэд дахин их байна гэдгийг л ярьж байна. 

-Хүүхдийн эрхийн чиглэлээр мэдээлэл, дата цуглуулж тус илтгэлд бүлэг болгон оруулжээ. Хүүхдийн эрхийн хамгийн хөндөх ёстой асуудал юу байна вэ?

-Хүүхэд өөрөө эрх зүйн чадамжгүй учраас хэн нэгэн түүнийг халамжлах, өсгөж хөгжүүлэх, боловсруулах хэрэгтэй. Үүн дээр эмзэг байдалд орчихсон хүүхдүүдийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүд байна. Ээж, аав нь байгаа хэрнээ хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүд байна. Ийм нөхцөлд байгаа хүүхдүүдийн сурч боловсрох, хөгжих, өсөж торних боломжийг анхаарахгүй бол нөхцөл байдал маш хүнд байна. 

-Дараагийн дугаарт анхаарах хүний эрхийн асуудал юу байна вэ?

-Гэр бүлийн харилцаан дахь жэндэрийн эрх тэгш байдал. Бид гэр бүл гэдэг зүйлийг цогцоор нь харах ёстой. Хүчирхийлэл ч гэдэг юм уу, салгаж яриад буруудаж байна. Ерөөсөө л монгол гэр бүл, гэр бүлийн боловсрол, нөхөн үржихүйн асуудал, эрүүл мэндийн боловсрол, бусад бүх асуудлыг цогцоор нь авч үзэхгүй бол болохоо байчихсан. Энэ бүхний цаана нь хүүхдийн эрх давхар зөрчигдөж байдаг гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд үндсэн асуудлыг шийдэж байж оролцоог нь хангана. Тэгэхгүй оролцох ёстой гэдэг ойлголтыг яриад нэмэргүй.

Хоригдлуудыг ял эдлээд суллагдсаны дараа нийгэмшүүлэх хөтөлбөрт төсөв, төлөвлөгөө хэрэгтэй. Олон нийтэд зөв ойлголт өгөх асуудал байна. Тэгэхгүй бол дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл нэмэгдэж байна.

Ялын бодлого нь онц хүнд гэмт хэргийн үед нийгмээс тусгаарлах ёстой гэдгийг анхаарах ёстой. 

-Өнөөдөр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл танилцуулагдлаа. Өмнө нь 22 дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцэж, 35 дугаар тогтоолыг баталж, Засгийн газарт хэд хэдэн даалгавар өгсөн. Тогтоолын хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?

-УИХ-аас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын 49, 35 дугаар тогтоолыг баталж, улмаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг УИХ-аас Засгийн газарт даалгасан. Эдгээр тогтоолын хэрэгжилтийн биелэлтэд ХЭҮК дүн шинжилгээ хийснээ танилцуулах, хэрэгжилтийг дүгнэх хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газартай хамтарч 2024 оны гуравдугаар сард хийсэн. Тогтоолын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд 100 хувийн биелэлттэй ажлууд байна, үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд ч байна. Огт хийгдээгүй цөөн ажил бий.

Нийлүүлээд авч үзвэл, тогтоолын хэрэгжилтийг 70 хувиас дээш хэрэгжсэн гэж үзсэн.

С.ОТГОНБАЯР