Цаг үеийн мэдээ

Улс төрчдийн авлига, албан тушаалын хэрэг явдал шүглээр илчлэгдэн харлаад, шүүх дээр очоод цайрсаар байна. Дуутай тэнгэр хургүй. Цуутай хүүхэн хуримгүй. Дуулиантай явдал хариуцлагагүй. Цуутай улс төрч буруугүй. 

Хөгжлийн банк улс төрчдийн хөнжлийн банк болсон тул өрөнд орж, өтөнд баригдсан боловч буруутай улс төрч одоогоор гараагүй байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар цайрч цагаадсан бол Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр хэмээх “фортуна”-гийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ. Хөгжлийн банкны дуулиан цагаадах нь цагаадаж, хүчингүй болох нь хүчингүй болслн байна. 

“Пирамид орд” компани Хөгжлийн банкнаас зээл авахад Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсгийг дууриалган зурсан гэх МоАХ-ны зохицуулагч Г.Байгальмаа, НВЦ-гийн захирал, амьдай Ц.Баатарбилэгээс жолоочоо явуулж мөнгө авсан гэх гишүүн Ё.Баатарбилэг нарын зэрэг хүмүүс гэм буруугүй болж, гэр гэртээ харилаа. 

Шүүн дэнслэхэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. Гагцхүү мөрдөн шалгалт, прокурорын яллах дүгнэлт тэмээ гэхээр ямаа, тэнгэр гэхээр газар шиг, тэс хөндлөн, яг 180 хэм өөр байдаг нь юундаа байдаг юм болоо гэж зүгээр асууж байна.