Цаг үеийн мэдээ

Санжаасүрэнгийн Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг, Эрдэнэт үйлдвэр тойрсон асуудал хоёр 2000 оноос хойших 7 дахь удаагийн сонгуульдаа, 26 дахь жилдээ ээдрээтэн  үргэлжилж байна. Богинохон хүзүүтэй данхтай шүгэлдэн дэвэрч байна.   

Эрүүдэн шүүгдсэн Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг хэрэгсэхгүй болсон, Засгийн газрын хуралдааны протоколуудыг нууцаас гаргасан, Ерөнхий сайдын “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг, Ц.Элбэгдоржийн “Сан-Францискогоос ярьж байна” хариу дисс, С.Зоригийн хөшөөг нь зайлуулах бичиг сачиг, Булганы 26 жилийн дараах өчил... Аллага тойрсон асуудал хурцадсаар... 

1. С.Зориг маргааш нь Ерөнхий сайд болох гэж байсан уу? 

2. Хэрвээ тийм бол С.Зориг Ерөнхий сайд болох нь хэнд ашиггүй байсан бэ? 

Энэ 2 асуултын хариулт хүссэн ч, эс хүссэн ч Өглөө кинонд жанжин “Биш ээ. Эзэн нь хэн бэ? гэдэг шиг захиалагч руу хөтөлж байна. Л.Оюун-Эрдэнэ, Булган нарын ярилцлага зангиа зүүгээд, гутлаа тослоод, үсээ самнадаг нэг хүн рүү заасан. 

Ц.Элбэгдорж “С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай хэл яриа болоогүй гэж мэдэгдсэн бол 1998 оны 10-р сарын 0-ны өдөр Улаанбаатар ресторанд  өдрийн хоолон дээр чухам энэ талаар  ярьсан талаар нь С.Зоригийн фракцад явсан Лу.Болд, А.Ганбаатар, С.Баярцогт нар толгой дараалан яриад эхэллээ. Тухайн үеийн ЕТГ-ын дарга байсан С.Баяр Зоригтой уулзаж, Ерөнхий сайд болоход нь татгалзахгүй гэсэн Н.Багабандийн байр суурийг уламжилсан гэж жиргээд байдаг. 

П.Цагаан, Ц.Элбэгдорж нарын вайбер чаатаар харилцсан гэх зургийг цагдаагийнхан үзүүлж даарин дээр давс боллоо. Цагдаа үзүүлсэн баримт гэхээр итгэмээр ч юм шиг, үхэхээс бусдыг үзсэн 60 гаруй насны хашир хоёр бурхи атлаа нөгөө 13-аа юу яах уу гэх мэтээр наад захын битүү бүрхэг үг хэрэглэхгүй “Май, бариарай гэж машид гэнэхнээр ярьсан гэхээр үнэмшмээргүй ч юм шиг эргэлзээтэй юм болоод байна.