Цаг үеийн мэдээ

            Бишрэм гоо үзэсгэлэн, гоолиг туяхан бие, өд мэт хөнгөн өндөрт дүүлэн нисээд...  Бурхан гагц тэдэнд л сайхан бүхнийг харамгүй заяасан мэт атаархал төрүүлнэ.  Алга ташилт, цэцгийн баглаа, хөшиг хаагдлаа. Шархиран өвдөх хөл, партнёрын хүчтэй өргөх бүрт хөндүүрлэх хавирга, хоосон ходоод унах шахтлаа ядарсан бие организм. Энэ бол балетчидийн үнэн дүр төрх.  

            Үнэндээ энэ мэргэжлийг сонгосон нэгэн эргэлт буцалтгүй бүхий л амьдралаа энэ урлагт зориулах ёстой. Үзэгчдэд гоо сайхны дээд таашаалыг өгөх ёстой учраас тэр өгөгч өөрөө гоо сайхан,  мөн мэргэжлийн дээд түвшнийх байх ёстой.  Балетчидийн нэг өдрийн амьдрал иймэрхүү байдлаар өрнөнө.  Тэдний ажлын өдөр нь цайны завсарлагагүй 7 цаг үргэлжилдэг. Энэ хуваарь нь тэдний корпус балет, мастер, соло зэрэг бүжигчний төрлөөс хамаарна. Учир нь эмэгтэй корпусын балетчин ямар ч балетийн үзүүлбэрт шаардлагатай байдаг. Зарим өдөр тэд нэмэлт цагаар ажиллах ч шаардлага гардаг ба өдрийн 9 цаг хүртэл сунаж ажиллах өдрүүд тохиодог. Тэд өдөрт 1.5 км сэлж, найман цагийн турш биеийн тамирын дасгал хийнэ.

            Эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү ачаалалтай ажиллана. Тэдний эрчимтэй дасгал сургуулилт нь мэргэжлийн гэмтэл учруулж байдаг ба хөл нь бэлтгэл сургуулилтаас шалтгаалж ихээхэн ядардаг. Мөн  балетчидад хоолны эмгэг, ясны эрдэсийн нягтаршилтай холбоотой асуудлууд тулгардаг бөгөөд хавирганы яс нь хугарах тохиолдол элбэг. Тэд байнга биеийн массаж хийлгэж эрүүл агаарт алхах, эрдэс болон далайн давстай усанд орон, долоо хоногт нэг удаа сайн унтаж амрах ёстой ч тэгж өөрийгөө эрхлүүлэх боломж тэр бүр олдохгүй.

            Мөн тэд гоо сайхнаараа хохирч байдаг. Тэд дүрдээ орохын тулд дасгал сургуулилтын үеэр хувцас, гоёл чимэглэлийн зарим элементүүдийг ашигладаг. Ихэнх тохиолдолд үсээ өө сэвгүй шуух хэлбэртэй боохын тулд лак болон бусад зүйлсийг ихэд хэрэглэдгээс үсний эрүүл мэндэд нөлөөлөн, үсийг нь хэврэг болгодог.

            Хоолны хатуу дэглэм зарим тохиолдолд аймшигтай стрестт автуулна.  Тэд шаргуу бэлтгэлийн үеэр зарим тохиолдолд өдөржингөө юу ч идэлгүй байх нь бий.

            Амттан, согтууруулах ундааны зүйлс мэдээж хатуу хориотой. Тиймээс найз нөхөдтэйгөө уулзана гэдэг ойлголт тэртээ алсын мөрөөдөл юм.  Балет бол хүсэж мөрөөдөж хатуу шийдсэн нэгний сонгох мэргэжил юм. Тиймээс балетчдийг хайрлаж хүндлэх ёстой билээ.