Цаг үеийн мэдээ

             Хятадын нэрт жүжигчин “Хөзрийн хаан” буюу Чоу Юн Фатын “News.asiaone.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр гайхамшигтай авьяаслаг жүжигчнээс гадна бусдыг гайхшруулам өгөөмөр нэгэн юм.  Оскарын шагналт жүжигчний нийт хөрөнгийн хэмжээ 5,6 тэрбум Хонгконг доллар буюу 715 сая ам.доллар юм байна. Харин тэрээр бүх хөрөнгөө буяны үйлсэд хандивлаж байгаа юм байна.

-“Business of china” байгууллагаас Хятадын уран бүтээлчдээс хамгийн баян 10 жүжигчний хөрөнгийг нийтэд ил болгосон. Жагсаалтыг та тэргүүлсэн. Таны жилийн орлого 57 сая ам.доллар гэсэн. Тэгтэл та жилийн хугацаанд хоёр кинонд гол дүр бүтээж, нэг кино найруулсан мөртлөө 10 кинонд тоглосон жүжигчнээс илүү ашиг олжээ?

            -Хятадын кино урлаг бол үгээр илэрхийлэхийн аргагүй өрсөлдөөнтэй. Би сайн мэдэхгүй байна л даа. Бээжин, Хонконг, Шанхай хотуудын кино зах зээлд өдөрт хэдэн уран бүтээл нээлт болон хаалтаа хийдэг гэдгийг. Тэдний хэд нь үзэгчдээс 100-0 хүртлэх үнэлгээг авдаг эсэхийг. Тэгэхдээ миний бодлоор Жэки Чан, Жет Ли гэх зэрэг олонд танигдсан уран бүтээлчдийн тоглосон шинэ кино нээлтээ хийлээ гэхэд үзэгчид үзэхгүй өнгөрнө гэж байхгүй. Тиймээс л олон танигдсан над мэтийн уран бүтээлчид сайн зохиол, чадварлаг уран бүтээлчтэй кинонуудын орлого олох урсгалыг зогсоодог байх.

-Тэгэхээр та нийт орлогынхоо ихэнх хувийг нэр хүндээрээ олдог хэрэг үү? “Жүжигчин Чоу Юн Фатын тоглосон шинэ уран бүтээл нээлтээ хийлээ” гэж хэвлэлээр цацахад л таны түрүүвч рүү мөнгө хэдэн саяараа гүйлддэг юм уу?

            -Бүх л зүйл шат дараатай байдаг. Би дүрдээ сайн орж, хамтран тоглогч, кино багийнхантайгаа гар нийлж чадвал зохих ёсны шагнал авна. Би үзэгчдийн урмыг хугалахгүй, дүрдээ сайн орвол тэднээс ч шагнал авна. Миний тоглосон киног үзэж байна гэдэг надад л мөнгө төлж байна гэсэн үг. Бүх зүйл ээлжтэй бас дараалалтай байдаг. Нэр хүндээрээ ч би үзэгчдийг татах тохиолдол цөөнгүй бий. Тэгэхдээ чи жүжигчин л бол дүрдээ сайн тоглож, өөрийгөө өндрөөр үнэлүүлж, хамгийн өндөр цалинг авах хэрэгтэй. 10 кинонд гол дүр бүтээсэн жүжигчнээс нэг кинонд гол дүр бүтээгээд л энэ тэнцүү цалин авч болно. Хамгийн гол нь олон бүтээлд тоглосноороо бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө чадваржуулах нь хамгийн гол нь. Цаг хугацааг хэмнэж, тааруухан бичигдсэн зохиолыг жүжигчин авч гарах хэрэгтэй. Ийм үед чи хамгийн өндөр цалинг авах болно.

-“Хөзрийн хаан” киног дуурайсан олон зуун кино нээлтээ хийсэн ч Чоу Юн Фатын тоглосон “Хөзрийн хаан” киноны дэргэд “нэг л дутуу” байсныг хэлэх нь зүйтэй?

            -Тэгэхдээ сайн ч бай муу ч бай энэ уран бүтээлийг үхүүлээгүй нь сайн хэрэг. 1980-1990 оны эхээр гарсан тус уран бүтээлийг 20, 30 жилийн дараа сонсож, үзэж байгаагүй мэт мартсан байвал бидэнд хүнд цохилт болно.  Мартаагүй санаж байна гэдэг онц  хэрэг.

-Хятад бол асар том эдийн засгийн бүс нутаг. Дөнгөж бизнесээ эрхэлж буй наймаачны хувьд эрсдэл болон аз дагуулсан орон. Сургуулиа төгсөөд жүжигчин гэх дипломтой залуу жүжигчний хувьд хэзээ ч төсөөлөхийн аргагүй хар салхи. Чи од ч болж болно хэн ч биш байж бас болно. Нийгэм хэтэрхий том, цар хүрээ ихтэй байхаар залуу хүмүүст оршин тогтноход их хүндрэлтэй байдаг. Жишээ дурьдахад, Хятадын кино урлагт ноён мэт заларсан уран бүтээлчдийн ихэнх нь 60 нас хүрсэн?

            -Хоёулаа жоохон олон улсын хэмжээнд энэ асуудлаар ярилцах хэрэгтэй. Хятадын кино урлаг нас болон гоо үзэсгэлэнд нэг их ач холбогдол өгдөггүй ганц улс. Харин ур чадвар байвал чи таван настай ч байж болно. Мөн 50 настай ч болно. Хамгийн гол чи чадвартай байх хэрэгтэй. Тиймээс Хятадын кино урлагт жүжигчин гэх дипломтой залуу жүжигчдийн хувьд асар том даваа. Чи чадвартай л байвал од болж болно. Чадваргүй бол үйлчлэгч, худалдагч болж болно. Бүх хаалга чиний өмнө нээлттэй. Бусад хүмүүс их буруу ойлголттой байдаг. 60 настай мөртлөө тэтгэвэртээ гарахгүй, залуу уран бүтээлчдийн орон зайг хулгайлаад л гэдэг. Тэд нарыг чадваргүй гэдэгтэй огт санал нийлдэггүй. Биднийг л гай болж байна гэж үздэг.

 

-Та Хятадын уран бүтээлчдээс Холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчний нэг. Олон сая үзэгчийг байлдан дагуулсан “Карибын тэнгисийн дээрэмчин” кинонд дүр бүтээсэн. Ер нь ази жүжигчдийн хувьд Холливуд хэр нээлттэй вэ?

            -Холливуд холливуд л гээд байх юм. Үнэндээ Хятадын кино урлаг Холливудтай яг нэг түвшинд явж байна. Манай найруулагчдын бүтээл Холливудын найруулагчдын бүтээлээс харьцангүй цар хүрээ, сэтгэлгээний хувьд өргөн. Одоо Холливуудын ихэнх найруулагч, жүжигчид ур чадвараа өргөжүүлэхийн тулд манай улсыг сонирхож эхэллээ. Сүүлийн хэдэн жилийн дотор Хятадын кино урлаг дэлхийд тэргүүлж, дорнын хэв шинжийг олон улсад түгээж буй. Холливуудын кино, клип, реклам зэрэгт Хятадын ахуй соёлыг тусгаж, анхаарлаа хандуулж буйг хэзээ ч мартаж болохгүй. Өмнө нь бид гуйж очиж, киноны сонгон шалгаруулалтад ордог байсан бол саяхнаас тэр алдартай найруулагч нар биднийг сонирхож, санал тавьдаг болсон. Хятадын уран бүтээлчид ур чадвараа дээшлүүлж чадах юм бол Холливуудын хаалга бидэнд нээлттэй болсон

-Холливуудын жүжигчин, дуучид кино, клип зэргээ Азийн орнуудаас хамгийн эхэнд Хятадыг сонгодог нь үүнтэй холбоотой хэрэг үү?

           -Хятад бол Азийн аварга луу. Асар том зах зээл. Тиймээс Хятадыг зүгээр өнгөрүүлнэ гэж үгүй.

-Та нэг хэсэг “Нэг хүүхэд” бодлогыг эсэргүүцдэг байсан. Би олон хүүхэдтэй болмоор байна гээд л. Одоо хүртэл энэ хуулийг эсэргүүцсээр байна уу?

            -Үгүй. 60 настай эр хүн хүүхэдтэй болох магадлал 1000-д нэг шүү дээ. /Инээв/ Би бага байхаасаа л хоёр хүү нэг охинтой болохыг мөрөөддөг байсан. Тэгээд л энэ хууль буруу гэж боддог байсан. Тиймээс ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байжээ. 45 хүрээд л энэ асуудлаар ярихаа больсон. Эхнэр бид хоёр ганц хүүтэй ч сайхан амьдарч байна.

-Тэгвэл одоо ямар хуульд сэтгэл дундуур байна вэ?

            -Олон нийтийн газар тамхи татахгүй байх хууль. Би тамхи татдаггүй. Тэгэхдээ тамхи татах гэж үйлээ үзэж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл өвдөх юм. Ажил, олон нийтийн газар тамхи татахаа больсноос хойш миний ойр хавийн тамхи татдаг хүмүүс их ууртай болсон. /Инээв/

-Хэдэн жилийн өмнөөс найруулагчийн ажилд шамдах болов?

            -Би олон жил найруулагчийн дор ажиллаж, дүр бүтээх бүртээ үргэлж найруулагч болох юмсан гэж боддог байсан. Харах болгонд хялбар ч юм шиг. Өнгөрсөн оноос гурван төсөл дээр найруулагчаар ажиллаж, амжилттай уран бүтээл болгосон.

-Та өөрийн үеийн уран бүтээлчтэй хэр дотно вэ?

-Гайгүй шүү. Хааяа ганц хоёр хундага виски ууж, залуу насныхаа тухай ярилцдаг.