Цаг үеийн мэдээ

Сая Нобелийн шагнал хүртсэн Петер Хандкег төрөлх тосгоныхон нь хамгаалалтдаа авч, сэтгүүлчдийг гэр рүү нь ойртуулах ч үгүй болжээ. Австрийн энэ зохиолчид Нобелийн шагнал олгосныг Косовогийн элчин сайд НҮБ-ын индрээс “шившигтэй явдал” хэмээн зарлаж, дараахан нь түүний эдлэнд цугласан сэтгүүлчид Югославын дайны үед сербүүдийн талд зогсож үзэл бодлоо илэрхийлж байсныг нь л яллан учиргүй дайрч давшлахад Петер Хандке:
-Ингэхэд та нар хэн юм бэ? Уран зохиол гэж юу байдгийг ойлгодог хүн та нарын дунд байна уу? Миний номуудаас ядаж ганцыг уншсан хүн та нарын дотор байгаа юм уу? Мөрөөрөө тонилцгоо! гэж хэлээд гарч одсноос хойш тосгоныхон шинэ Нобелтноо сэтгэл нэгтэйгээр өмгөөлөх болсон нь тэр.
Тэр нутагт ирсэн сэтгүүлчдэд кофе ч зарахгүй, хоолны газрууд нь ч үйлчлэхгүй байгаа бөгөөд “Хувь хүний үзэл бодол, уран бүтээлийн чансаа хоёрыг ялгаж салгах чадвартай болсон хойноо л манай тосгонд ирээрэй!” хэмээн тэд ам бардам мэдэгдсэн ажээ.

Г.АЮУРЗАНА