Цаг үеийн мэдээ

            Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид өнгөрсөн баасан гарагаас эхлэн 130 байршилд гарч буй ойн түймрээс болж гурван хүн амиа алдаж, 150 гаруй байшин барилга сүйдээд байна. Улмаар тус мужийн гал унтраах газар түймрийн түвшинг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж зарлажээ.

            Энэ нь тус улсад түймрийн түвшин анх удаа гамшгийн хэмжээнд хүрч буй тохиолдол юм. Түймэр цаашид даамжирч хөрш Квинсленд мужид хүрэх төлөвтэй байгаа тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Боловсролын яамны мэдэгдснээр мужийн 40 гаруй сургууль Даваа гарагт хаалгаа барьжээ. Австралийн засгийн газар түймэрт өртсөн Шинэ өмнөд Уэльс болон Квинсленд мужийн насанд хүрсэн хүн бүрт 1000 доллар, хүүхдэд 400 долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.

            Мөн Коала баавгайн зориулагдсан эмнэлгийн мэдээлснээр түймрийн улмаас 350 коала баавгай үхсэн байх магадлалтай ба одоогоор тус эмнэлэгт 12 коала эмчлүүлж байгаагийн тав нь хүнд хэлбэрийн түлэгдэлттэй гэнэ.

            Шинэ өмнөд Уэльс мужид 500-600 коала амьдардаг бөгөөд газар нутгийн гурваны хоёр нь түймэрт автсан байна. Дэлхийн зэрлэг байгалийн сангийн мэдээлснээр коала баавгайн тоо толгой 20 мянга хүрэхгүй болж буурсан ба 2050 он гэхэд устаж үгүй болох аюул нүүрлэжээ.