Цаг үеийн мэдээ

            Өмнөд Солонгос улс сүүлийн жилүүдэд кино урлагаараа дэлхийг байлдан дагуулж байна. Тэр тусмаа нэг ангит кинонууд нь зохиол, найруулга, хийц үзэгчдийн таашаалд бүрнээ нийцэх болжээ. Солонгосын кино бүтээгчид Холливуудынхны амьдралаас хэт тасархай фантаз ихтэй кинонуудыг бодвол амьдрал дунд байх асуудлуудыг сонирхолтой кино болгож чадаж байгаагаар онцгойрч байна. Ингээд кино сонирхогч та бүхэндээ Солонгосын нэг ангит кино сонирхогчдын дунд явуулсан санал асуулгаар тэргүүлсэн кинонуудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

“Галан дундах 71” 

Үргэлжлэх хугацаа:120 минут 

Өмнөд Солонгосын алдарт найруулагч John H.Lee-гийн нэгэн шилдэг  бүтээл болох “Галан дундах 71”  кино нь гарсан даруйдаа  маш олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн гайхалтай уран бүтээл болсон юм. Уг киноны зохиол 1950 оны 8 дүгээр сарын 11-ний өдөр бичигдсэн Ли Үгэн (Lee Woogan) хүүгийн 60 жилийн дараа олдсон захидлаас сэдэвлэн бичигджээ. Ли Үгэн хүүгийн захианд “Ээж ээ, хүмүүс яагаад дайн хийдэг юм бэ?” гэсэн асуултад дэлхий нийт одоог хүртэл хариулт өгч чадаагүй юм. Кинонд Нагдун (Nakdong) голыг хамгаалахаар байлдсан 71 сурагчийн тухай өгүүлдэг. Хоёр Солонгосын дайны үед Өмнөд Солонгос цэргийн тоогоор дутмаг байсан тул сурагчдыг дайнд татан оролцуулж байв. 2010 оны 6 дугаар сарын 16-нд нээлтээ хийсэн уг кино нь гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан бөгөөд кино шүүмжлэгчид “Дайныг тод томруунаар дүрсэлж чадсан дайны сэдэвтэй шилдэг кино яахын аргагүй мөн. Бас залуу үеийнхэнд маш том сургамж болж чадахаар төдийгүй хүмүүсийн анзаардаггүй тэр түүхийн нэгэн хэсгийг бодитоор харуулж чаджээ” хэмээн дүгнэжээ. 

“Нархан” 

Үргэлжлэх хугацаа:120 минут .

Найруулагч  Кан Хёнчол (Kang Hyun Chul)-ийн бүтээсэн “Нархан” киног үзээгүй хүн ховор биз ээ.   Ий Нами ахлах сургуулийн найз Чун А-тайгаа таарснаар өнгөрсөн амьдралаа дурснаар киноны үйл явдал эхэлдэг. Хорт хавдар нь эцсийн шатандаа орсон Чун А, Намигаас Нархан бүлгийн охидтойгоо уулзахыг хүснэ.

 Хүүхэд насны гэнэн томоогүй зан, найз нөхдийн хайр, найзтай байна гэдэг хэчнээн сайхныг энэхүү кино тодоос тод дүрсэлж өгснөөрөө олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Өмнөд Солонгосын боксоффисыг тэргүүлсэн уг кино дэлгэцнээ гараад сарын дараа гэхэд 5 сая хувь тасалбар борлуулж 4 сарын дараа аль хэдийнэ 7,3 сая тасалбар борлуулсан байв.

 “Бүдүүн мисс “

Үргэлжлэх хугацаа:  120 минут 

Кан Ханна (Kang Hanna ) бол алдарт дуучин Амми (Ammy)-гийн тайзны ард дуулдаг гайхалтай хоолойтой сайхан сэтгэлтэй, илүүдэл жинтэй бүсгүй юм. Түүний хоолойг сонссон хэн боловч татагдахгүй байхын аргагүй бөгөөд Амми ам барьж Ханнагийн хоолойг ашигладаг байжээ. Харин Сонжүн бол Ханнад үргэлж анхаарал халамж тавьдаг нэгэн бөгөөд төрсөн өдөртөө Ханнаг урьдаг. Сонжүн Ханнаг авьяастай хэдий ч , царай муутай, тарган эмэгтэй хэмээн Аммитай ярьж буйг тэр сонссоноор Ханна  гоо үзэсгэлэнтэй алдартай эмэгтэй болон хувирч буй тухай өгүүлнэ. Уг зино  2009 оны хамгийн олон үзэгчтэй киногоор нэрлэгдэж 42,013,016 ам.долларын ашиг олжээ. 

“Миний эхнэрийн тухай” 

Үргэлжлэх хугацаа:121 минут.

Найруулагч: Мин Гёодун бүтээл энэхүү кино нь “Хүн өөрийнхөө хамгийн чухал зүйлийг алдсаныхаа дараа л ухаардаг” гэдгийг харуулж чадсан гайхалтай бүтээл бөгөөд 2012 оны Өмнөд Солонгосын шилдэг романтик инээдмийн киногоор шалгарчээ.

Кинонд Духён Жонин нар гэрлээд 7 жил болсон бөгөөд Духён өөрийн эхнэрээс салахыг хүсдэг. Түүний эхнэр үзэсгэлэнтэй бас гайхалтай эмэгтэй. Гэвч тэд сүүлийн жилүүдэд маш их муудалцаж, эхнэрийнх нь хийж буй үйлдэл түүнд таалагдахаа больсноор түүнээс салахын тулд бүхий л аргыг хэрэглэнэ.

 “Амьнаас илүү амь” 

Үргэлжлэх хугацаа:  140 минут 

Найруулагч: Кан Жэгёо (Kang Jegyu) уг бүтээл 2004 онд нээлтээ хийжээ. Гол дүрд Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй жүжигчид болох Вон Бин, Жан Дунгон нар тоглосон бөгөөд Солонгосын иргэний дайны үеийн  ах дүүгийн амьдрал тэдний бие биенээ гэх хайрыг шингээсэн гайхалтай уран бүтээл юм. Энэхүү кино нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийг шуугиулж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд нэг шинэ хуудас бичилцсэн юм. Уг киног 11.74 сая хүн үзсэн бөгөөд энэ нь тухайн үедээ санаанд оромгүй амжилт байжээ. Мөн “50 дахь удаагийн Asia Pacific Film Festival”-ийн “Шилдэг кино” “Шилдэг найруулагч” зэрэг нэр хүндтэй шагналыг хүртэж байжээ. 

“Долдугаар өрөөний бэлэг”

Найруулагч Ий Хван Гёнийн бүтээл.  Бяцхан ухаалаг охин Еэсын (Yeseung) аавынхаа хамтаар амьдардаг ба түүний аав бага зэрэг сэтгэцийн эмгэгтэй. Хэдий тийм боловч тэр охиндоо хязгааргүй их хайртай. Нэгэн өдөр тэд гадуур явж байгаад шар өнгөтэй  SailorMoon үүргэвч байхыг хараад аав нь маргааш цалин нь буух учраас заавал худалдаж авч өгнө хэмээн амлаад гэртээ харьцгаадаг. Ингээд аав нь цалингаа аваад цүнхийг нь авч өгөх гэтэл цагдаагийн газрын даргын охин худалдаж авдаг. Маргааш нь ажлаа тараад явж байтал өнөөх цүнхийг авсан охин өөр хаана байдгийг мэдэх учир зааж өгнө хэмээн аавыг нь дагуулж явж  байгаад халтирч унан, дээрээс нь тоосго унаж нас бардаг бөгөөд үүнээс киноны бүх үйл явдал эхэлдэг. Маш олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн уг киноноос  бид аав хүний хүүхдээ гэх агуу хайрыг олж харж болох юм.  “Долдугаар өрөөний бэлэг” кино нь нээлтээ хийгээд 46 хоногийн дотор 12 сая үзэгчтэй болсон бөгөөд Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тавдугаар байранд бичигдсэн юм.