Цаг үеийн мэдээ

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн нөхцөл байдлын талаар тухайн улс оронд оршин суугаа Монголчуудынхаа сэтгэгдлийг хүргэж байгаа.  Энэ удаад уншигч та бүхэндээ Итали улсын Ломбарди мужид амьдардаг Э.Халиунтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

Дашрамд дуулгахад тус улсын Ломбарди мужид өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц дуусч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон байна. Өвчний тархалт оргил үедээ хэзээ хүрэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул эдгэрэх боломжтой иргэдэд эхэлж эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.

Зө.мн: - Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

Э.Х: - Намайг Энхбатын Халиун гэдэг. Итали улсын Ломбарди мужийн Desenzano del garda хотод гэр бүлийн хамт (3) амьдардаг. Одоогоор суралцаж байна.

Зө.мн: - Тухайн оронд хэзээ очсон бэ? Хэр удаан амьдарч байна?

Э.Х: - Энэ улсад байнгын оршин суух төлөвлөгөөтэй ирсэн.  Төвхнөөд нэг жил болж байна.

Зө.мн: - Амьдарч буй мужид нь коронавирусийн халдвар гараад хэр удаж байна?

Э.Х: - Манай мужид коронавирусийн халдвар илрээд 3 долоо хоног болж байна.  Мөн одоогийн байдлаар Итали улсын хэмжээнд халдварын тохиолдол 20603, нас барсан 1809 эдгэрсэн 2335 хүн байна.  Одоогийн байдлаар Итали улс Хятадаас гадна хамгийн олон халдварласан тохиолдол бүртгэгдсэн орон болсон байна.

Зө.мн: -  Тухайн улс (хот) ямар арга хэмжээ авч байгаа? Монголчууд бидний хувьд дэлхий нийтэд болж байгаа мэдээллийг ерөнхийд нь авч байгаа ч яг тухайн орчинд амьдарч байгаа хүний хувьд мэдээлэл арай өөр байх?

Э.Х: -  За, миний бодлоор коронавирусийн эсрэг Итали улсын хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ бусад улсаас ялгаагүй гэж бодож байна. Мэдээж хэрэг бүх хөдөлгөөнийг хаасан. Италид гудамжаар хүн, машин явуулахгүй цагдаагийн эргүүл гарсан. Энд гэрээсээ гарах тохиолдолд албан бичгийг бөглөөд биедээ авч явахыг шаардаж байна. Хоол хүнсэнд гарахдаа нэг нэгээрээ л явах бөгөөд хүнс авсан баримтаа биедээ авч явахгүй бол торгох, баривчлах арга хэмжээ авч байна. Ямар ч шалтгаантай байсан нотлох албан бичиггүй бол гадуур явж болохгүй. Мөн бие биенээсээ 1 метрийн зай барьж явах зааварчилгаа өгсөн.  Улсын хэмжээнд онц байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Эдийн засгийн дэд сайд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосныг зарласан.

            Мөн Италийн Засгийн газраас оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх журамдаа түр хугацаанд өөрчлөлт оруулсан. Тухайлбал, оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг хугацаа дууссанаас хойш 60 хоногийн хугацаанд гаргах ёстой байсан бол энэ хугацааг 90 хоног болгон сунгасан байна лээ. Иймд манай иргэд Италийн Засгийн газраас улс орон даяар хөл хорио тогтоосонтой уялдуулан шаардлагатай бол оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтээ дурдсан хугацаанд оршин суугаа газрын эрх бүхий байгууллага гаргах боломжтой болсон байна.

Зө.мн: -  Иргэд өөрсдийгөө хамгаалах ямар арга хэмжээг авч байна? Анх вирусийн халдвар илэрснийг сонсоод тухайн орны иргэд болон та хэр паникт орсон бэ?

Э.Х: -  Иргэдийг гэр гэртээ байх зааврыг өгсөн. Тиймээс иргэд ер нь гадагш гарахаа больсон. Гэр гэртээ л байж, өөрсдийгөө хамгаалж байна. Коронавирусийн тохиолдол илэрч, халдвар авсан хүний тоо нэмэгдэж эхлэнгүүт иргэд тодорхой хэмжээнд сандарч эхэлсэн.  Хүнс, ахуйн хэрэгцээний зүйлс, ариун цэврийн цаасаа нөөцөлж эхэлсэн. Мөн амны хаалт олдоц хэвийн байгаа ч айдаст автсан хүмүүс нөөцөлсөөр байна. Нөгөөтэйгүүр Италид нас баралтын төвшин өндөр байгаа учир нь насжилттай холбоотой. Дэлхийн хамгийн их хөгшрөлттэй хүн амаараа Японы дараа дэлхийд 2-рт ордог шүү дээ.

Зө.мн: -  Та өөрийгөө  (гэр бүл)  хэрхэн хамгаалж байна?

Э.Х: -  Гэрээсээ огт гараагүй 3 долоо хонож байна.  Энэ нь хамгийн найдвартай хамгаалалт гэж бодож байгаа. Мөн өдөр тутамд гэрээ ариутгаж цэвэрлэгээ хийж байна.

Зө.мн: -  Хятад буюу ази тивээс гаралтай уг өвчнөөс шалтгаалж танд ямар нэгэн дарамт мэдрэгдсэн үү?

Э.Х: -  Надад тийм зүйл тохиолдоогүй ч Ром зэрэг том хотуудад ялгаварлан гадуурхах, биед халдах зэрэг үзэгдэл гарсан гэж сонссон.

Зө.мн: -  Монгол улсынхаа нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэр авч байгаа вэ?

Э.Х: -   Сайн авч байна. Монголчууддаа ариун цэврээ сайтар сахиж, эрүүл энх байж, энэ халдварын ард гараарай гэж хэлмээр байна.

Зө.мн: -  Баярлалаа. Танд эрүүл энхийг ерөөе!