Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 718 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 538 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 06:20 цагийн орчим БГД-ийн 2 дугаар хороо Сөүлийн гудамж, Гранд плаза дэлгүүрийн урд замд Kia Bongo маркийн автомашин замын хажуугийн хашлага мөргөж, жолооч 63 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирчээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  4 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.