Цаг үеийн мэдээ

(COVID-19)-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ - 10

1. АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн судлаачид Ухань хотын COVID-19 тохиолдлын халдварлалтын индексийг тогтоожээ. Улирлын томуугийн үед 1 хүн дунджаар 1.4-1.7 хүнд, COVID-19-тэй 1 өвчтөн 3-4 хүнд халдвар тараадаг гэж үзжээ. Ухань хотод хатуу хөл хорио тогтоосноор халдварлалтын индексийг 1-ээс бууруулсан байна. Иймд үр дүнтэй вакцин гартал хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорио тогтоох, амны хаалт зүүх, зай барих зэрэг арга хэмжээ нь халдварт өртөх хүний тоог бууруулна гэдгийг тогтоожээ.

2. АНУ-ын “Sinai mount” эмнэлгийн эмч нар коронавирус хүний судасны дотор ханын эс (эндотел)-ийг гэмтээж, үйл ажиллагааг алдагдуулан цус харвалт үүсгэдгийг тогтоожээ.

3. БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судлаачид Гуанжоу хотын ресторанд зэргэлдээ ширээнд сууж үйлчлүүлсэн хүмүүст судалгаа хийжээ. Тэдгээр нь 3 гэр бүлийн 10 хүн байсан бөгөөд бүгд COVID-19-өөр өвчилсөн байна. Уг ресторан нь агааржуулалтын системтэй ч цонхгүй байсан нь халдвар тархах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс ресторан, хоолны газар хүн хоорондын зайг 1.5-2 метр байлгах, цонхоор агаар сэлгэлт хийх нь COVID-19-ийн халдвар тархахаас сэргийлнэ гэж үзжээ.

4. Английн Кентийн их сургуулийн судлаачид COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн 36%-д коронавирус мэдрэлийн эсүүдийг гэмтээн, булчингийн сулрал, саажилт зэрэг мэдрэлийн өвчин үүсгэдгийг тогтоожээ. Ялангуяа залуу хүмүүст зарим тохиолдолд Гиллен-Баррын хам шинж(нүүр, гар, хөлний саажилт), энцефалит (тархины үрэвсэл) хүндэрдэг байна. Үүний улмаас альцхаймер, паркинсоны өвчин зэрэг хожмын үр дагавар гарч болзошгүй гэжээ.

5. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв Вашингтон мужийн ахмад настны асрамжийн газарт гарсан COVID-19-ийн дэгдэлтэд судалгаа хийхэд 56 хувь нь шинж тэмдэггүй балархай хэлбэрээр өвчилсөн байжээ. Асрамжийн газар, цэргийн хуаран, нийтийн байр зэрэг олон хүн байдаг газар шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөл тархах эрсдэлтэй гэж үзжээ.

6. Их Британийн эмч нар Европын 20 оронд судалгаа хийж Д аминдэмийн дутагдал COVID-19-ийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Иймд COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.

Эх сурвалж:

1. https://jamanetwork.com/journals/jama/fullarticle/2765665
2. https://www.nejm.org/doi/pdf/10.1056/NEJMc2009787…
3. https://wwwnc.cdc.gov/eid/article/26/7/200764_article…
4. https://www.inverse.com/mind-body/covid-19-brain-effects
5. https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2008457
6. https://www.researchsquare.com/article/rs-21211/v1