Цаг үеийн мэдээ

     ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийж байна.  "Коронавирусний халдвар 216 оронд  тархаж, 4.9 сая хүн өвчилж 324 мянган хүн нас барсан. 1.9 сая хүн эдгэрч 2.7 сая хүн эмчлүүлж байна. 45000 хүн биеийн байдал маш хүнд байна. Сүүлийн хоногуудад эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй нэмэгдэж байгаа таатай мэдээ байна. 

Манай орны хувьд өчигдөр орон нутгийн галт тэргэнд 4000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Коронавирус илрээгүй байна. Сүүлийн 24 цагт 169 хүн ажиглалтад орж, нийт 1924 хүн ажиглалтад байна. Чихрийн шижин, архаг хууч өвчтэй 280 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж байна. 

      24 цагийн 119 тоот дугаарт 264 дуудлага ирсэн. Иргэдээс ирэх дуудлагын тоо өмнөх өдрүүдээс 80 гаруй дуудлагаар нэмэгдсэн. Шуурхай аппикейшнээр долоон улсаас дуудлага ирсэн. 17 хүн холбогдож эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргын талаар зөвлөгөө авсан. 

Иргэдийн зүгээс маск зүүхгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс амны хаалтаа тогтмол зүүх, гараа тогтмол угаах шаардлагатай байна. Манай иргэд сайн дураараа эргүүл хийж байгаа юм байна. Баянзүрх дүүргийн хоёр өндөр настан оройн цагаар эргүүл хийж залуучуудад амны хаалт зүүхийг зөвлөж байгаа юм байна. Өндөр настан Баяндэлгэр, Оюунханд нартаа баярлалаа гэж хэлье" гэв. 

       ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

"2020 оны тавдугаар сарын 19-нд  ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторт 240 сорьцын шинжилгээ хийгдсэн. Коронавирус илрээгүй. Ачаа тээврийн 36 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингээд батлагдсан тохиолдол 140, Үүнээс 26 хүн эдгэрсэн. Өвчтөнүүдийн 87 нь хөнгөн, 27 хүн хүндэвтэр байна гэж үнэлэгдлээ. Улсын хэмжээнд тандалт судалгаа хийгдэж байна" гэлээ.