Цаг үеийн мэдээ

ОХУ коронавирусний халдварын тохиолдлоороо дэлхийд 3 дугаарт бичигдэж байгаа ч хөл хориогоо сулруулж, үзвэр үйлчилгээгээ хэсэгчлэн нээж эхэллээ.

5-р сарын 16-аас Москва хотын ресторан, зоогийн газруудын задгай талбайн үйлчилгээг сэргээсэн байна. Мөн зарим музей болон үзэсгэлэнгийн танхим, номын сан, амьтны хүрээлэн үүдээ нээжээ.

Москва хотын захирагч Сергей Собянины гаргасан шийдвэрийн дагуу спортын арга хэмжээ, үйл ажиллагааг сэргээсэн байна. Ингэхдээ нэг дор хамрагдах хүний тоо талбайн хэмжээний 10 хувиас дээшгүй байх ёстой юм байна.

Үүдээ нээсэн зарим музейн хувьд тасалбарыг цахим хэлбэрээр худалдаалж байгаа бөгөөд музейгээр зочлогсод заавал амны хаалт зүүж, хоорондын зайг баримтлах ёстой юм.

Задгай талбайд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа ресторан, зоогийн газрууд халдвараас сэргийлэх удирдамж болох ширээ хоорондын зайг баримталж байгаа эсэхийг нь дроноор хянах юм байна.

ОХУ-д өчигдөр 4-р сарын 30-наас хойш анх удаа нэг хоногт халдварын 8000-аас доош тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал өнгөрсөн нэг хоногт манай хойд хөршид халдварын 7843 тохиолдол шинээр бүртгэгдснээр нийт халдварлагсдын тоо 553,301 болж, нийт 7478 хүн коронавирусээр амиа алдаад байна.    

Эх сурвалж: Риа Новости