Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын 1400 албан хаагч  хяналт, шалгалт хийж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 13 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улс тунхагласны баярын өдөр ихэнх автозамын боомтууд хөдөлгөөнгүй байсан бөгөөд Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор хил нэвтэрсэн 134 тээврийн хэрэгсэл, 164 жолооч, хилээр гарсан 37 тээврийн хэрэгсэл, 57 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамрууллаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 315 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 281 чингэлэг, вагон болон Сүхбаатар өртөөний 1250 м2 талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажилд хяналт тавилаа.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-иудад 36 эмнэлэг, 4 тусгаарлан ажиглах байрнаас 3066.2 кг хог хаягдал цуглуулж тээвэрлэсэн. 1868.1 кг хогийг автоклавт халдваргүйжүүлсний дараа булж, 1142.4 кг хогийг шатаах зууханд устгасан байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 276 цэгээр 6,953 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн ажилд 283 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор мал, мах, өндөг ачсан нийт 63 тээврийн хэрэгсэлд хийсэн ариутгалыг хянаж ажилласан.

Зохих зөвшөөрөл бүхий 2 тээврийн хэрэгслээр 36.6 тн түүхий нүүрс дамжин өнгөрчээ. Тавантолгой түлш ХХК 2,363 тн түлш үйлдвэрлэж 1,410 тн түлш борлуулалтад гаргасан байна.

Таны сурталчилгаа