Цаг үеийн мэдээ

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица:

Ковид-19-ийн эсрэг вакциныг халдвараас урьдчилан сэргийлэх гар угаах, амны хаалт зүүх, бусдаас зай барих зэрэг дэглэмтэй хослуулан хэрэглэвэл цар тахлыг ялах маш чухал зэвсэг болж чадна. ДЭМБ, CEPI, GAVI,  НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа АстраЗенека вакцин нь хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй. Монгол Улс 3 дугаар сарын 11-ний байдлаар 67,000 гаруй хүнийг, тэр дундаа халдвар авах эрсдэл өндөртэй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулаад байгаа нь сайшаалтай. ДЭМБ вакциныг түгээх бэлтгэл ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цар тахлыг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, бусад түншлэгч байгууллагуудтай нягт хамтран ажилласаар байх болно. КОВАКС хөтөлбөрт томоохон хувь нэмэр оруулсан Австрали, Канад, Европын Холбоо, Япон улс, Саудын Араб, Швейцарь, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс зэрэг олон хандивлагчиддаа талархал илэрхийлье.