Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос 7-р сарын 5-наас 25-ны хооронд зөөвөрлөгдөн орж ирэх халдварын эрсдэлээс сэргийлж, постын шалган нэвтрүүлэх ажиллагааг чангатгаж, түр журмаар зохицуулахаар болжээ. Тодруулбал, нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг маргаашаас эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй.

Ирэх даваа гарагаас эхлэн Дарханаас гарснаас хойш 14 хоногт буцаж ирэхийг хориглож байгаа юм байна. Энэ хугацаанд буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээр гарч, орох иргэдийг 14 хоног хязгаарлахгүй болохыг АОК-оос мэдээлжээ.

Тус аймгийн Хонгор, Орхон сумд руу холбогдох бичиг баримтаа шалгуулан дотооддоо чөлөөтэй зорчиж болно. Харин Шарын гол сум руу нэвтрэх хөдөлгөөнийг хаасан тул тус сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авч нэвтэрнэ.

Дархан-Уул аймгийн харьяалалтай иргэдээ smartdarkhan.com цахим хаягаар дамжуулан шалгаж, хяналтын цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байж нэвтрүүлнэ. Хэрэв сул эерэг гарвал тусгаарлах байранд шилжүүлж, PCR шинжилгээгээр батлагдвал эмчлэн тусгаарлах байранд хүргэх болохыг АОК-оос мэдээлсэн байна.