Цаг үеийн мэдээ

Иргэн О.Отгонтөгс МУГЖ С.Жавхлангийн жагсаалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. 

Тэрбээр "МУГЖ С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг, би Монгол туургатны тоглолт хиймээр байна хэмээн нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Үүнийг яагаад гадуур ярихгүй байна вэ. С.Жавхлан засаг огцруулах акц хийнэ гээд залуучууд нэгдэж, лоббины золиос болж, хохироод байна шүү дээ. Мөнгө нэхсэн  талаар Сангийн сайдаас асуугаад үз. Үнэн худал нь мэдэгдэнэ. Би худлаа мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн юм.

Тэгвэл өнөөдөр энэ бүх мэдээллийг зохиож ярьсан гэдгээ илэрхийлэв. Иргэн О.Отгонтөгс Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй МУГЖ С.Жавхлантай уулзах үеэрээ "С.Жавхлан таныг гэмт хэрэг хийсэн гэж би хэлээгүй. Мөнгө шантаажилсан гэдгийг тань цахим орчноос мэдсэн. Намайг дугарлаа гэхэд хэн ч сонсохгүй. Харин сүүлийн үед хамгийн анхаарал татаж байгаа хоёр хүн буюу таныг, сангийн сайд Б.Жавхланг панчан болгож ашигласан юм. 22.1 гэх авилгачидад зориулсан хуулийг өөрчил гэсэндээ гэсэн юм" гэлээ.