Цаг үеийн мэдээ

Бүх нийтээр мод тарих үндэсний хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн мөн Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 зорилтод тусгасан ногоон хөгжлийн цогц бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр уулзалт хэлэлцүүлэг өрнөлөө. 

Тус уулзалтанд Нийслэлийн байгаль орчны газар,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл, дүүргийн харьяа хэлтэс албадууд, Ногоон агула ТББ, Ногоон урлан ХХК болон Ногоон харш ХХК-ийн төлөөллүүд оролцож өөрсдийн туршлага, санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр: 

“Үрсэлгээ үржүүлгийн чиглэлээр Баянзүрх дүүрэг 10 сая мод тарих зорилтыг тавьсан. Ирэх оноос жилдээ 10 га газар 2 сая тарьц суулгац үржүүлбэл 2030 он хүртэл 18 сая суулгацыг суулгах тоон үзүүлэлт гарч байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход та бүхний туршлага, зөвлөгөө мэдээлэл, хамтын ажиллагаа чухал” гэлээ. 

Уулзалтанд оролцогсод тоо биш чанарт анхаарах өөрөөр хэлбэл мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг авч, зөв технологиор мод тарьж, үржүүлэх нь чухал гэдгийг дурдаад мөн ирэх онд эхлэх Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл нь дүүргийн төдийгүй нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх томоохон бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.  

Харин дүүргийн зүгээс мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх тал дээр анхаарч ажиллах юм. Тодруулбал энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуус цөөн байдаг. Тиймээс 12 анги төгсөгчдийг шилдэг боловсон хүчин болгож бэлтгэх тал дээр тэтгэлэгт хамруулж, дэмжих юм. 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү. Оюунзул: Монгол улсын нийт газар нутгийн 70-80 хувь цөлжилттэй байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч ирээдүй хойч үедээ идэх хоол, уух ус, амьсгалах агаар үлдээхийн тулд “Тэрбум мод” тарих ажлыг эхлүүлсэн. Энэ бол хий хоосон тоо биш бодитой зүйл. Энэ том ажилд Баянзүрх дүүрэг манлайлалтай оролцож байна гэж харж байна. Баянзүрх дүүрэг бусдыг бодвол илүү эко дүүрэг. Энэ нэршлээ өөрсөд дээрээ авах цаг нь болсон гэлээ. 

Улмаар ногоон байгууламжийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх чиглэлийн талаар мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг солилцож, туршлага судлах цаашид хамтын ажиллагаан дээр суурилсан олон ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.