Цаг үеийн мэдээ

Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар “Шижир-Алт" ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

2021.10.21-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамт 1 дүгээр баг тус сумын Хайлааст багийн “Цоохор морьт" гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга" гэдэг газар хүртэл 65 км, 2 дугаар баг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга" гэдэг газраас “Орхон туулын бэлчир" гэдэг газар хүртэл 65 км, Заамар сумын Хайлааст багийн “Туулын гүүр"  гэдэг газраас “Цоохор морьт" гэдэг газар хүртэл 60 км-т завиар урсаж тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:43 цагт түр зогсоож, 2021.10.22-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн байна.