Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтэд жил бүр 800 000 орчим хүн амиа хорлож, 40 секунд тутамд нэг хүн амиа хорлохыг завдах тохиолдол гардаг байна. Амиа хорлох нь 15-29 насныхны дунд үхлийн хоёр дахь шалтгаан болж байгаа төдийгүй дэлхийн хэмжээнд 2015 онд нас барсан нийт хүн амын 1.4 хувийг эзэлж байна. Мөн сүүлийн жилүүдэд амиа хорлосон хүн амын 50-с дээшгүй хувь нь бага болон дунд орлоготой улсуудад байна. 

2 жилйин өмнө прокурорын байгууллагаас “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын шалтгаан нөхцөл, түүнд нийгэм эдийн засаг, гэр бүл, сургуулийн орчны нөлөөллийг 2012-2016 оны байдлаар судлаж байсан. Энэ судалгааны онцлог нь анх удаа амиа хорлосон шалтгаан нөхцлийг шалгасан эрүүгийн 2055 хэргийг хамруулж, амь хохирогч бүрийн нийгэм хүн ам зүй, хувийн байдал, сэтгэл зүйн байдал, амьдарч байсан орчин зэрэг нийтдээ 7000 гаруй мэдээлэл цуглуулж, мэргэжлийн судлаачдын баг бүрдүүлэн хийсэн судалгаа юм. Жилд дунджаар 411 хүн амиа хорлож байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байв.

Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравдугаар байранд жагсаж байна. Монгол Улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байгааг анхааруулж байгаа юм.

Он гарсаар бүртгэгдсэн амиа хорлолтын хэргүүдийн ихэнх хувийг өсвөр насныхан болон 29 хүртэлх насны залуус эзэлж байна. 

Амиа хорлогчдын 50-аас дээш хувь нь амьжиргааны түвшин, ядуурлаас болдог байна. Мөн өсвөр насны хүүхдүүдийг эцэг, эх нь үл хайхрах, сургуулийн орчинд ялгавартай харьцах, дээрэлхэх зэрэг үйлдлүүд нь тэдний амиа хорлох хамгийн том шалтгаан болж байна.

Өсвөр насны хүүхэдтэй болгоомжтой харьцах, сэтгэцийн эрүүл мэндэд сургуулийн зүгээс болон эцэг эхийн зүгээс анхаарал ихээр тавих хэрэгцээ шаардлага тулгарч байна. 

Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэй хүнийхээс их байдаг. Үүний хамгийн том шалтгаан бол эрэгтэйчүүдийн дунд архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, мөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэл зүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг байдал нөлөөлсөн гэж судлаачид дүгнэсэн байна. 

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах нь таныг болон таны хайртай хүмүүсийг бодлогогүй үйлдэл хийхээс сэргийлнэ. Мөн сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэгээс ч хамгаалах юм. Та сардаа нэг удаа сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Бид дараагийн дугаартаа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй болон, тэдэнтэй хэрхэн харьцах хэрэгтэй талаарх зөвлөмжийг хүргэнэ.