Цаг үеийн мэдээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр /2021.10.26/ сэтгүүлчидтэй уулзаж, 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар болон салбарын хөрөнгө оруулалт, цаг үеийн сэдвээр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

2022 оны улсын төсөвт 354 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд тусгасан бөгөөд газрын тосны орлого, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 31.4 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орлогын төлбөрөөс 17.5 тэрбум төгрөг, мөн сонгон шалгаруулалт болон бусад орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. 

Уулзалтын үеэр сэтгүүлчид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч буй арга хэмжээг УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос тодруулав. Тэрбээр “Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд 28,686.8 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Ковидын улмаас нүүрсний экспорт төсөөлснөөс буурч, 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 13,244.7 мян.тн-ыг экспортолсон нь гүйцэтгэл 46.2 хувьтай байна. Гэвч нүүрсний экспорт биет хэмжээгээр буурсан ч, ханш өссөн нь төсөвт төвлөрүүлэх орлого төлөвлөснөөс давсан. Тухайлбал, 2021 оны эхний 9 сарын байдлаар нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс 657,015,251.2 мян.төг орлого төсөвт төвлөрүүлсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 65.8 хувиар өссөн байна” гэв.