Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны бүрэлдэхүүн Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймгийн боловсролын бодлого, чанарт онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ. Тэрээр : "Баян-Өлгий аймагт шалгалтаар биш ойлголтоо нэгтгэж, онош тавихаар очсон. Жирийн багшийн үгийг сонсож, алдаа, оноогоо ил шулуун ярилцахаар зорьсон. 

Хос хэл гэж юу вэ гэдэг бодлогын тодорхойлолт байхгүй, стандарт байхгүй, хөтөлбөр байхгүй, ном, сурах бичиг байхгүй, толь бичиг байхгүй, арга зүй байхгүй. Үүнийг үндэсний цөөнхийнхөө хүсэл сонирхлыг боловсролын бодлогодоо зохицуулж чадаагүй, цөөнх дотор амьдарч байгаа ястнуудынхаа боловсролын эрхийг үл хүндэтгэсэн, боловсролын салбарын 30 жилийн эмгэнэл буюу орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 100 дахь жилийн эмзэглэл гэж нэрлэмээр байна.

Боловсролын салбар улс төрөөс хэт хараат болсон. Багш, багш бус ажилтнуудын харьцаа алдагдсан, Хос хэлээр боловсрол олгох хөтөлбөр, арга зүйг шинэчлэх хэрэгтэй, Багш нарын чадавхыг сайжруулах шаардлагатай, багш нарыг авилгаар ажилд авах тариф /5-10 сая/ тогтсон.

Одоо хэн нэгэн дарга, аль нэг үндэстнийг буруутгаж, алдааг өөрөөсөө зайлуулах бус салбар хариуцсан сайдын хувьд ирэх он жилүүдийг цөөнх, олонхийг үл харгалзан хүүхэд бүрт чанартай боловсрол олгох эрхийг нь хангахын төлөө, түүнийг түгээх, тарих ёстой багш нарынхаа ур чадвар, амьдралын чанарыг сайжруулахын төлөө, зөв бодлогоор засахын төлөө ажиллана. 

Ер нь боловсролын статистик тоогоо мэдэхгүй хүн салбараа хянаж чадахгүй, хянаж чадахгүй хүн салбараа удирдаж чадахгүй. Тиймээс боловсрол доторх болж бүтэхгүй байгаа нууц цоожнуудыг тайлж байж авдраа цэвэрлэнэ гэж ил шулуун хэлмээр санагддаг"  гэлээ. 

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно