Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр СХД-ийн 83 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр зохион байгуулж буй цэрэг татлагатай энэ сарын 22-нд танилцжээ.

Тус цэрэг татлагын байранд 500 гаруй залуус үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 40 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөж, 60 хувь нь тэнцсэн байна.

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн, орлогч дарга Х.Чинзориг, “Өмнө нь цэрэг татлагын үзлэгээр 60 хувь нь чөлөөлөгддөг байсан бол, энэ жил 60 хувь нь тэнцэж байна. Энэ маш сайн үзүүлэлт. Мөн өмнө нь шүдний эмгэгийн улмаас ихээхэн хасагддаг байсан. Энэ жилийн хувьд чих хамар хоолой, мэс заслын өвчин эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албаас чөлөөлөгдөх гол шалтгаан болж байна” гэжээ.

Энэ ээлжийн цэрэг татлагын үзлэг, шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээнд буцаасан. Харин цэргийн албанд татагдан очсон байлдагчаас халдвар илэрвэл тухайн ангийн эмнэлэгт тусгаарлан эмчлэх бөгөөд хүндэрсэн тохиолдолд Цэргийн Нэгдсэн төв эмнэлэгт шилжүүлэх юм. Мөн цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан ч халдварын улмаас гэрийн нөхцөлд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг эдгэрсний нь дараа цэргийн албанд татах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Цэргийн алба залууст олон боломжийг олгодог. Тухайлбал, цэргийн болон энгийн мэргэжил эзэмшинэ, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцоно, төрийн албанд ажилд орох боломж нээгдэнэ гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэллээ.

Мөн тэрбээр “Цар тахлаас шалтгаалан нэг жил өнжсөний дараа цэрэг татлагыг зохион байгуулж байна. Залуусын хандлага маш эерэг, эх орноо хамгаалъя, иргэний үүргээ биелүүлье гэсэн хүсэл эрмэлзэл урьд жилүүдийнхээс илүү байгаа нь анзаарагдлаа. Эмнэлгийн үзлэгийн комиссоос өгсөн мэдээллээр нийт үзлэгт хамрагдаж байгаа залуусын нэг орчим хувиас коронавирус илэрчээ. Тухайлбал 500 хүнээс 3-5 халдвар илэрсэн байна. Тэгэхээр залуус цэргийн албанд татагдахын тулд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн сахисныг харуулж байна” гэв.

Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх талаар Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хамтран арга хэмжээ авсан, үр дүн гарч эхэлж байна. Улмаар эрүүлжээд цэргийн албанд явж байгаа залуусын тоо 10-25 хувиар нэмэгджээ.