Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн харьяат, Мончесс клубын тамирчин Монгол Улсын аваргын алт, мөнгөн медальт, Монгол Улсын рапид төрлийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын блиц төрлийн аваргын мөнгөн медальт, Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах блиц тэмцээний 18 насны охидын аварга, Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын тэмцээний блиц төрөлд 3-р ширээний хүрэл медальт, Сонирхогчдын ДАШТ-ий 2300 хүртэлх чансааны дээд ангиллын хошой Дэлхийн аварга, Дэлхийн шатрын олимпиадын Б категорын багийн алтан медальт, эмэгтэйчүүдийн ОУМ БАЯРЖАРГАЛЫН БАЯРМАА нь өсвөрийн тамирчин байх цагаасаа улсын хэмжээний нээлттэй тэмцээнд тогтмол эмэгтэй тусгай болон шагналт байр эзэлж байсан мөн ОХУ-ын Москва хотноо Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуульд суралцахын сацуу олон улсын нээлттэй болон тойргийн тэмцээний шагналт болон медальт байранд шалгарсан арвин их амжилтын түүхтэй. 

Түүний бахдам амжилтуудыг төрөөс өндрөөр үнэлж, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон хүртээлээ.

Өдгөө 26 настай ЭОУМ Б.Баярмааг ийнхүү хөдөлмөрлөж байх залуу үед нь төрөөс үнэлж байгаа нь Монголын шатарчдын бахархал болоод зогсохгүй, дараа дараагийн шилдэг залуу шатарчдад үлгэр дуурайлал болсон үйл явдал боллоо.