Цаг үеийн мэдээ

Нийслэлийн боловсролын газрын даргын “Зөвлөн туслах ажлыг зохион байгуулах тухай”  2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар  коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан. 

Тус газраас “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийг чадавхжуулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг ханган, зөвлөн чиглүүлэх “Ментор багш” болгон дадлагажуулах сургалтыг судлагдахуун бүрээр зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нарын “Зөвлөлдөх баг”-ийн сургалтыг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа нээж үг хэллээ. 

Сургалтад ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 25 гишүүн багш хамрагдсан юм.

      Сургалтаар:

”Боловсролын байгууллага дахь ART хөтөлбөр” сэдвээр Боловсрол судлалын доктор Б.Галбадрах Ph.D

“Хөгжмийн боловсролын багшийн хөгжил, өнөөгийн байдал” сэдвээр СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн захирал, хөгжим судлаач Г.Ганцэцэг

“Багш сурагчдын ялгаатай байдалд үндэслэн зөвлөн туслах арга зүй” сэдвээр БМДИ-ийн арга зүйч Б.Цасанчимэг нар мэдээлэл, танилцуулж, дадлага ажлыг зохион байгууллаа. Мөн нийслэлийн Боловсролын газрын Хөгжмийн боловсрол, үндэсний болон дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Т.Олоннэмэх “Зөвлөн туслах үйлчилгээний явц, анхаарах зарим асуудал”-аар багш нарт мэдээлэл, зөвлөмж өглөө.