Цаг үеийн мэдээ

Их Британийн хатан хаан Элизабет өнөөдөр 96 нас хүрч байна. Түүний хаан ширээнд заларсны платинум буюу 70 жилийн ойг угтаж Маттел хүүхдийн тоглоомын компани хатны дүртэй барби хүүхэлдэй үйлдвэрлэснээ төрсөн өдрөөр нь танилцууллаа.

Барби хүүхэлдэйд цэнхэр туузтай цагаан өнгийн даашинз, хуримаа хийхдээ зүүж байсан титэм, ягаан цэнхэр өнгийн туузан тэмдэг зэргийг өмсүүлжээ. Эдгээр нь хатан хааны амьдралд тохиолдсон үйл явдлуудыг илэрхийлсэн байна. Ягаан, цэнхэр өнгийн туузан тэмдэг нь хатны аав зургадугаар Жорж хаан, түүний эцэг тавдугаар Жорж хааныг бэлгэдэж байгаа ажээ.

Өнөөдөр тохиох төрсөн өдрөө хатан Сандринхэмд тэмдэглэнэ. Нисдэг тэргээр Норфолкыг зорьж, гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх юм байна. Хатан хааны төрсөн өдрийн баярт зориулан дэлгэсэн зурган дээр Элизабет хатан морь унах дуртайгаа илтгэж хоёр морины дунд зогсчээ. 

Их Британийн статистикийн газрын мэдээллээр тус улсад 95-99 настай 124,000 хүн амьдарч байгаагийн нэг нь Элизабет хатан юм. Эдгээр ахмадуудын ¾ нь эмэгтэйчүүд байна.

Эх сурвалж: ВВС