Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.07.21/ Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд Хөгжлийн банкинд ажиллаж, зээлийн эргэн төлөлт, явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

Хөгжлийн банк өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. 2022 онд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэх боломжтой. Ингэснээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа тогтворжиж ирэх онд төлөх бондын өр төлбөрийг бүрэн барагдуулах, олон улсын хөрөнгийн зах зээл дэх үнэлэмж дээшлэх зэрэг олон эерэг үр дүн бий болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. 

 Цаашид Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад зээл тус бүрт холбогдох арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах, 2022 онд зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж банкны үйл ажиллагааг тогтворжуулж ажиллахыг Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болголоо.