Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймаг байгуулагдсны түүхт 80 жилийн ойн баяр наадам өчигдөр, өнөөдөр болж үндэсний бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Ц.Анхбаяр, Н.Баярмагнай, Бо.Батжаргал, Л.Батзориг, Ба.Батжаргал тэргүүтэй 128 бөх хүчийг үзэв. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Химон" констракшны бөх даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Жавхлант" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх улсын начин Лутын Батзориг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хантайшир" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн арслан Ядамсүрэнгийн Бумбаяр нар шалгарсан юм.