Цаг үеийн мэдээ

“Тавантолгой төмөр зам” ХХК 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 5.0 сая тонн ачаа тээвэрлэхээр зорин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх экспортын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн “Тавантолгой” ХК-тай өнөөдөр /2023.03.20/ “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ”-г үзэглэлээ. Гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, “Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг нар гарын үсэг зурав.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Тавантолгой өртөөний салбар замаас ачилтын ажиллагааг тус компанийн техник, хүч хэрэгслээр гүйцэтгэх бөгөөд 2023 оныг дуустал “Тавантолгой” ХК-ийн 500,000 тн хүртэлх нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэхээр харилцан тохиролцсон. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх экспортын ачааны эрчимжилт нэмэгдэх юм.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар “Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр ашгийг бүрэн дүүрэн ашиглахын төлөө уурхайн болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй тээврийн гэрээ байгуулан ажиллаж байгаагаа тэмдэглэв. Хоёр компанийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, тээвэрлэсэн ачаагаа тасралтгүй, аюулгүй зохион байгуулж, Монгол Улсын экспортын ачаа, орлогын хэмжээг төлөвлөгөө ёсоор нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

“Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг талархал илэрхийлээд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг эдийн засийн эргэлтэд оруулж, үр ашгийг нь хүртэхийн чухлыг онцлоод энэ цаг үед Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон, тодорхой шийдвэрүүдийн хүрээнд хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэх ажлыг тогтмолжуулах арга хэмжээг авч ажиллаж байгаагаа онцоллоо.