Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Гаалийн Ерөнхий газраас “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа: "Гаалийн байгууллага биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна. Витамин нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа биологийн идэвхт бүтээгдэхүүний төрөлд хамаарагддаг. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зөвшөөрлийн тухай хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүний зөвшөөрлийг цуцалсан. Гэхдээ энэ хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн биологийн идэвх бүтээгдэхүүний хуулиар бүртгэгдсэн байх ёстой. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай байгаа. Үүнийг УИХ-аас баталж өгдөг. Аль нэг хуулийг хүчингүй болгож, хүчинтэй хуулиа дагаж мөрдөх ёстой юм. 

Дээрх хоёр хуулийн заалтын зөрчлийг арилгах санал, санаачилгыг Гаалийн байгууллагаас гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ГЕГ-аас албан тоот хүргүүлсэн. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн 15 дугаар зүйлд зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглосон. Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналтаа тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр хуулийн хооронд үүссэн зөрчлийн залруулга удахгүй хийгдэх байх. Бид шийдвэр гаргах байгууллагуудад саналаа өгөөд хүлээж байна"