Цаг үеийн мэдээ

Цаг агаар дулаарч буйн улмаас Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим  хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүссэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  газар дээр нь очиж  хор уршгийг арилгах арга  хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. 

Тухайлбал,  Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 4-5 дугаар автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг хэвийн горимд оруулсан ба 32 дугаар хороо Мал бордооны хэсэгт 2 айл руу ус орж, 2 автомашин усанд автсаныг аюулгүй болгохоор ажиллаж байна. 

Мөн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүсэж байсныг  3 км  орчим газарт 16 автомашин шороо асгаж далан  үүсгэж  60 гаруй  айл өрхийг усанд автах эрсдэлээс хамгааллаа.

Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдалд  шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Цаашид агаарын температур нэмэгдэж дулаарах төлөвтэй байгаа тул цас ихтэй уулын ам, бэл, халиа тошин ихээр үүссэн газруудад суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.