Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийн дэд даргын хувиар энэ 4 дүгээр сарын 18-ны өдөр уулзав.

Уулзалтад ДГХБО-ын бүлгийн Товчооны гишүүд болох Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Парагвай улсын Байнгын төлөөлөгчид оролцлоо.

 Уулзалтын үеэр талууд Руанда Улсын Кигали хотноо 2024 онд болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов. НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фатима Рабабыг тус бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох саналыг энэ үеэр ДГХБО-ын бүлгээс гаргасныг НҮБ-ын ЕНБД А.Гутерреш дэмжин, ойрын үед шийдвэрлэхээ илэрхийлээ.

Далайн боомт болон олон улсын зах зээлээс алслагдмал оршдог, гадаад худалдаа, үйлчилгээний зардал өндөр, транзит орнуудаас тээврийн хамаарал ихтэй ДГХБО-ын хувьд Кигалид болох бага хурал чухал ач холбогдолтой тул бэлтгэлийг сайтар ханган ажиллахыг Бүлгийн Товчооны гишүүдээс хүсэлт болгов.

Уулзалтад НҮБ-ын Гуравдугаар бага хурлыг хүлээн авч, зохион байгуулах Руанда Улсын Байнгын төлөөлөгч Клавер Гатете, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газрын албаны захирал Хайди Шроедерус-Фокс нар байлцлаа.