Цаг үеийн мэдээ

Монголд зочлох жилийн хүрээнд МИАТ компани 2023 оны долоодугаар сараас эхлэн орон нутагт нислэг үйлдэхээр болсон. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 30 жилээр тооцоолбол, 2008 он хүртэл МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлддэг байсан. 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эхний ээлжид Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн 8 аймагт нислэг үйлдэнэ. Баянхонгор аймгийн нисэх буудлын зурвас шинэчлэгдсэний дараа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа.

Ховд, Өлгий, Мөрөн, Даланзадгад рүү долоо хоногт 3 удаа, Улаангом руу 2 удаа, Улиастай руу 2-3 удаа, Алтай руу 1-2, Чойбалсан чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг үйлдэхээр урьдчилсан байдлаар төлөвлөсөн.

МИАТ ТӨХК үндэсний агаарын тээвэрлэгчдийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд харьцангуй хямд үнийг санал болгож байна.

Тодруулбал, Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга, Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга, Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга, Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.

Мөн Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга, Мөрөн рүү 500-680 мянга, Алтай 733-852 мянга, Чойбалсан руу 537-617 мянган төгрөгийн тарифаар нислэг үйлдэнэ.