Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний музейд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Химич, Эрдэс судлаач, сэтгүүл, Др.Профессор Гомбожавын Гонгоржавын 9 дэх удаагийн бие даасан “Чулууны хээ-9” үзэсгэлэн дэлгэгдэж байна.

Байгаль дэлхийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээт, олон ургалч хэв маягийг уралдуулсан тэдгээр уран туурвилд хүмүүний ертөнцийн гадаад төрх, үйл хөдлөл, ааш аяглал, хүсэл тэмүүлэл, шүтлэг, зан үйл хэрхэн тусгалаа олсныг “Чулууны хээ-9” хэмээх энэхүү үзэсгэлэнд тавигдсан элдэв төрлийн эрдэс чулуулаг, тухайлбал ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал (гэрэлтчимэд), оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул (алевролит), нангис (аргиллит), цахиур, бөсөл (туф), гиван (лимонит), гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-аад үзмэрт дэлгэн толилуулахыг эрэлхийлжээ.

Тус үзэсгэлэн  2023 оны 11 дүгээр сарын 03-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.

Жич: Үзэсгэлэн үнэ төлбөргүй.