Цаг үеийн мэдээ

Катарын Доха хотноо 2023 оны 11 дүгээр сарын 10-12-нд оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ болно. Тэмцээнд дэлхийн эрэгтэй 12, эмэгтэй 12 шилдэг багийн тамирчид урилгаар оролцож байна. 

Энэхүү 24 багийн тоонд Монгол Улсын “Роял” олон улсын их сургуулийн эмэгтэй баг орсон. Багийн ахлагчаар МОСХ-ны УЗ-ийн гишүүн М.Өсөхбаяр, “Роял” ОУИС-ийн дасгалжуулагч С.Тулга нар томилогджээ. Тамирчдын бүрэлдэхүүнд А.Хонгорзул, Б.Нямцэцэг, Б.Энхтуул, Э.Нарангоо нар багтжээ. 

Роял ОУИС-ийн эмэгтэй баг нь 2022 оны Турк улсад болсон оюутны ДАШТ -д амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн тул ийнхүү 2023 оны тэмцээнд хүндэтгэлтэйгээр уригдах болсон юм. 

Тэмцээний дүрэм ёсоор 12 багууд 4 хэсэгт 3 багаар хуваагдан тоглох юм. Эмэгтэй “А” хэсэгт Иран, Мексик/ Монтерири/, Украйн “С” хэсэгт Египет, Шинэ Зеланд, Катар “Д” хэсэгт Румын, Австрали, Хятадын Тайваны багууд оржээ. 

Харин Монголын баг тэмцээний “В” хэсэгт Мексик, Кени улсын багуудтай сугалаа таарчээ. 

Манай эмэгтэй баг нь орон нутгийн цагаар 11 сарын 10-ний өдрийн 10:00 цагт Кенийн багтай, 16:50 цагт Мексикийн багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ. 

Тэмцээнийг Олон улсын оюутны спортын холбооны fisu.tv сувгаар шууд үзэх боломжтой.