Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) гурав дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09 цаг 30 минутад Хөвсгөл аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд эхэллээ.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй гэсэн үндэслэл зааж, дээрх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын  ахлах прокурор У.Дэндэвдорж, хяналтын прокурор Д.Ундармаа нар эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан юм.

Тус шүүх хуралдаанд хүсэлт гаргасан 2 прокурор, яллагдагч, хохирогчийн 12 өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 36 хүн цахимаар болон биечлэн оролцож байгаа юм.

Шүүх хуралдааныг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар