Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын баруун хойд мужид даваа гарагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 111 хүн амь үрэгдэж, 220 орчим хүн гэмтэж бэртээд байна. Газар хөдлөлт даваагаас мягмар гарагт шилжих шөнө дундын үед буюу 11:59 цагт Гансу болон Чинхай мужуудын нутагт бүртгэгджээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр Гансу мужид 100, Чинхай мужид 11 хүн амь үрэгдсэн байна. Мөн бэртэж гэмтсэн хүмүүсийн 90 гаруй нь Гансу, 100 гаруй нь Чинхай мужийн оршин суугчид байгаа юм. 

Хятадын дарга Ши Жиньпин бүх нөөц бололцоогоо дайчлан, цаг хугацаатай уралдаж аврах ажиллагаа явуулахыг тушаажээ. Хэдийгээр агаарын температур -13 хэмд хүрч хүйтэрсэн ч онцгой байдлын ажилтнууд иргэдэд туслах ажлыг зогсолтгүй гүйцэтгэсээр байна. Гансу муж нь Төвд, Лхасын тэгш өндөрлөгийн дунд байрладаг тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг ажээ. 

Түүнчлэн газар хөдлөлтийн голомт хөрсний 10 км гүнд бүртгэгдсэн байна. Гансу мужид 1920 онд газар хөдөлж 200,000 хүн амь үрэгдэж байсан нь 20 дугаар зууны дэлхийн хамгийн хөнөөлт байгалийн гамшигт үзэгдлүүдийн нэгээр тооцогдож байжээ. Мөн Сичуан мужид есдүгээр сард 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 60 хүн амь эрсэдсэн байна.