Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүд болон Ногоон автобусны хянан шалгах түр хороо байгуулагдсан талаар, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Ковидын төсөв, Ногоон автобусны хулгайд хариуцлага тооцохыг шаардаж, албан ёсны байр сууриа илэрхийллээ. 

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: Нэг иргэнд ногдох ДНБ-ны хэмжээ 5800 доллар болсон, инфляц нэг оронтой тоонд хүрсэн, эдийн засгийн өсөлт 6,9 %, гадаад худалдааны тэнцэл ашигтай мэдээллээ. Хэрэв эдийн засгийн өсөлт бодитоор байгаа бол 10 иргэн тутмын 8 иргэний амьдрал яагаад доройтож байна вэ, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6900 ам доллар орчим байна. Эдгээр нь хоорондоо уялдаж байна уу? 

Азаар олон улсын зах зээлд нүүрсний экспортоос олж байгаа орлого өсөн нэмэгдэж байгаа ч бодитоор өрхөд ирж байгаа үр ашиг байхгүй байна. Харин нийт хүн амын 5 % дээр тус үр ашиг ирж байна. 

Ажлын байр, бизнес эрхлэгчдийн орчин үгүй болж байна. Бизнес эрхлэгчдээ дэмжих шаардлага бодитоор үүсэж байна. 

Эрдэнэставантолгой гэдэг компани, Зам тээврийн хөгжлийн үндэсний төв Монгол Улсын төрийн өмч, Засгийн газрын эрх мэдэлд байдаг компани гэтэл хэдэн мянгаараа гаалиар бүртгэлгүй, татвараас зайлсхийсэн тээврийн хэрэгсэл гадагш гарсан тухай яригдаж байна. Гааль, татвар бүхэлдээ Монгол Улсын Засгийн газрын эрх мэдэлд байгаа. Тиймээс нүүрсний хулгай бүхэлдээ Засгийн газрын цэвэр хариуцлага юм.  

Бизнес эрхлэгчдийнхээ тухай та нар юу хэлэлцэв ээ, НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийн төслийг мөн унагаалаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Засгийн газар өргөн мэдүүлж улс төрийн намууд байр сууриа илэрхийлж байна. Ардчилсан намын байр суурь маш тодорхой байгаа. Засгийн газар гэдэг кабинетын зарчмаар ажилладаг. Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНТ эрх баригчдын сонгуулийн сурталчилгааг хийх биш иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө тэнцвэртэй мэдээлэл өгөөч ээ гэж шаардмаар байна.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Эрх баригчдын дунд хээл хахууль, авлигын асуудал газар авлаа. 2019 онд “ЖДҮ” хөгжлийн сангийн хэрэгт 49 хүнийг хулгайтай холбон зарласан бөгөөд нийт 96.2 тэрбум төгрөг, Нүүрсний 40 их наядын хулгай, хөгжлийн банкны 22.3 их наядын хулгайд 30 гаруй хүнийг зарласан, ковидын үеийн 20.3 их наядын хулгайг тус тус зарлаад байна. Хамгийн сүүлийнх нь ногоон автобусны хулгай 328 тэрбум төгрөгийг хамруулаад байна. Эдгээр нь нэг нам удаа дараалан олонх болсон тохиолдолд улс орныг яаж дампууруулдгийг харуулсан тод жишээ юм. 328 тэрбум төгрөгөөр хуучин автобус авчирч шахсан нь үйлдэл дээрээ баригдлаа. Нээлттэй сонсголыг хиймээр байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод 2 үндсэн асуудал тулгамдаж байна. Эрх баригчид аз жаргалтай Улаанбаатар гэж өөрсдийгөө цоллож байгаа ч үнэхээр олон улсын тавцанд утаа, түгжрэлээр 1-рт эрэмбэлэгдэж байна. 

Бид энэ их хулгайгаар ямар боломжийг алдсан бэ? 

• Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийт гэр хорооллыг орон сууцжуулах, 

• Улаанбаатар хотын баруун, зүүн, хойд, өмнөд хэсгийг метрогоор холбох, 

• Бизнес эрхлэгчдээ дэмжих боломжуудыг алдсан байна.

Хар толбо үлдээсэн 8 жилийг бид өнгөрөөлөө. Төрийн мөнгөнөөс хулгай хийсэн хүн бүрийг хариуцлага хүлээтэл нь сануулах болно гэдгийг хэлмээр байна. 

Ардчилсан намын Бизнес хөгжил, инновац, технологи хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх: Ардчилсан намыг Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэггүй мэтээр баригч нам гүтгэлээ. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт гарч явах болов, яагаад хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүй байгаа талаараа ярих хэрэгтэй. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд тууштайгаар дэмжиж, хамгаалсаар ирлээ. 

Үүнээс илүүтэй дотоодын 234 мянган үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуй нэгж бүртгэлтэй байгаа ч тал хувь нь үүд хаалгаа барьсан байна. Тусгай зөвшөөрөл, даргын нарын гарын үсэг, лиценз, татварын орчин дотоодын бизнес эрхлэгчдээ шахан хавчсаар байна. Эрх баригчид чуулганы индэр, телевизээр эдийн засаг өсөөд байгаа юм шиг, иргэдийн амьдрал сайжраад байгаа юм шиг ярьдаг ч бодит байдал дээр хаацайлсан, төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байна.