Цаг үеийн мэдээ

Монгол Улсын баг тамирчид олимпын наадамд анх оролцсон түүхэн өдрөөс хойш яг 60 жил өнгөрчээ. Энэхүү түүхэн өдөр болон Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан олимпын анхдагч, ахмад тамирчдаа Биеийн тамир, спортын улсын хорооноос хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1964 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол улсаас цаначин, тэшүүрчин, дасгалжуулагч нийлсэн 21 тамирчин Иннсбрукийн өвлийн есдүгээр олимпын наадмыг зорин очсон байдаг. Тэдний төлөөлөл, өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч буй ахмад тамирчин Д.Пүрэвлоов, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Л.Боль нартай Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уулзав. 

Олимпын анхдагч нар маань эдүгээгээс 60 жилийн өмнөх тэр өдрүүдийнхээ дурсамжийг хуваалцсан. Манай улсын тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид бэлтгэл хийж байсан тухай ахмад тамирчин Л.Боль дурсан ярив. 

“Тэшүүрийн Цэндмаа төрийнхөө далбааг бариад олимпын талбайд орж ирэхэд “Чингисийн Монгол” хэмээн “Ура” хашхираад манай баг тамирчдыг их сайхан хүлээж авч байсан нь одоо ч бидний сэтгэлд тод үлджээ” хэмээн ахмадууд маань хуучилж байлаа.