Цаг үеийн мэдээ

"Канвон-2024" олимпын эрэгтэй цаначдын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т явагдлаа. 

Энэ гараанд 79 тамирчин хурд сориход Германы Якоб Элиас Мох 19:47.2 минутаар түрүүлж, Канвоны олимпын хоёр дахь медалиа өөрийн болгов. 17 настай энэ тамирчин өчигдөр болсон спринт уралдаанд тэргүүлэгчээс 0.33 секунд хоцрон дэд байрт орсон юм.

Тус гараанд хурд сорьсон манай тамирчин, ОУХМ Т.Өсөх-Ирээдүй тун сайн уралдаж, 79 тамирчнаас 22-р байрт орлоо. Тэрбээр өөрийн зайг 20:51.9 минутад туулсан юм.

Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч Т.Өсөх-Ирээдүйгийн хувьд өсвөрийн УАШТ-ээс 13 алт, хүүхдийн спортын наадмаас 3 алтан медаль хүртсэн, цанын спортын ирээдүй болсон шилдэг залуу тамирчин юм. 

Манай нөгөө тамирчин А.Хүслэнгийн хувьд 22:01.7 минутын үзүүлэлтээр 42-р байрт орлоо.

Манай цаначид хоёрдугаар сарын 1-нд буюу наадмын сүүлийн өдөр 4х5 км-ийн холимог буухиа уралдаанд өрсөлдөх болно.