Цаг үеийн мэдээ

АНУ-ын Засгийн газар Украин улсад 300 сая ам.долларын зэвсгийн багц тусламж үзүүлэхээр болсон гэдгийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдлээ. Уг тусламжийн Украинд аль болох түргэн хүргэх ажлыг Пентагон хариуцах юм байна. Тусламжийн багцад сум, пуужин, агаарын довтолгооноос хамгаалах пуужингууд багтжээ.

АНУ-ын Засгийн газар гурван сарын дараа Украинд үзүүлэх гэж байгаа анхны тусламж нь Украиныг газар нутгаа ОХУ-д алдахаас сэргийлэх зорилготой гэж мэдээлж байна. Гэхдээ Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ удаагийн тусламж нь Украинд байлдааны талбарт шаардлагатай байгаа зэвсгийн хэрэгцээг хангахад хаанаа ч хүрэхгүй гэдгийг анхаарууллаа.  Мөн багцад багтсан сум нь нэг их удаан хугацаанд дайсны дайралтыг торгоож чадахгүй гэдгийг ч тэрээр хэлжээ.

Ерөнхийлөгч Жо Байден Украинд 60 тэрбум ам.долларын багц тусламж үзүүлэх хуулийн төслийг санаачилсан боловч Төлөөлөгчдийн танхим дахь санал хураалтыг Бүгд найрамдах намын төлөөлөгчид гацаагаад байгаа юм. Тусламжийн багцаас урьтаж АНУ-ын цагаачлалын хуулийг хэлэлцэж дуусгах шаардлагатай гэсэн тайлбарыг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон мэдэгджээ.