Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өчигдөр болсон хуралдаан дээр Палестины удирдагчид албан ёсны гишүүн орон болох хүсэлтээ өргөн барилаа. Өчигдөр болсон санал хураалтаар Аюулгүйн зөвлөлийн 15 орны 12 нь Палестины тусгаар тогтносон бүрэн эрхийг дэмжиж, улс болгон хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгээ илэрхийллээ. Харин Их Британи, Швейцар улсууд санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн АНУ хориг тавьснаар Палестины хүсэлтийг хүлээж авах боломжгүй боллоо. 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй. Үүний тав нь байнгын, үлдсэн арав нь Ерөнхий Ассамблейгаас хоёр жилийн хугацаатай сонгогддог. Байнгын гишүүн таван оронд Их Британи, ОХУ, АНУ, БНХАУ, Франц гэсэн таван улс байдаг бөгөөд эдгээр таван улс хориг тавих бүрэн эрхтэй.

Палестины удирдагч Махмуб Аббас АНУ-ын хоригийг хурцаар шүүмжлэн буруутгасан байр сууриа илэрхийлсэн байна. Мухмаб Аббас АНУ Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийг тууштай дэмжсээр ирсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл зоригийг үгүйсгэж, шударга бус, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан гэж буруутгажээ. 

АНУ-ын ойрын холбоотон Израилын Гадаад хэргийн сайд Израил Катз зургаан сар үргэлжилсэн дайны дараа НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлт тавьж байгаа нь Палестины хувьд ичгэвтэр үйлдэл хэмээн зэмлэж, Америкийн хоригийг сайшаан магтжээ.