Цаг үеийн мэдээ

Томссон тойрогт тодрохыг хүссэн горилогсод сайн аав бүү хэл сайн өвөө, сайн эмээ, сайн хадам аав, сайн хадам ээжийнхээ нэрийг гурав биш 30, бүр 300 худалдаж идэхээс сийхгүй байна. 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Сүрэнжавын Лүндэг гэгчийн өөрийнх нь нэр зарагдахгүй тул өвөөгийнхөө алдар нэрийг барьж, Төвийн бүсийн гурван аймгийн 45 суманд борлуулахаар зэхэж байна. Сонгуульд бэлдэж овгоо өөрчилсөн үү? Ямар ч байсан өвөөгөөрөө овоглож Сүрэнжавын Лүндэг гэсэн иргэний үнэмлэх өвөртлөөд хөдөөгүүр харайлгаж яваа юм байна. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжав агсан ”Миний ардын сэтгэл цагаан”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа” зэрэг дууны шүлгүүд, Ерэн баатрын дууль зэрэг найраглал туурвисан, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” гурамсан уран сайхны киноны зохиолыг бичсэн уран бүтээлч юм.  

Тойрог томссон биш өөр аймгаас хамаатан саднаа олохын тулд 13-р зууны өндрийн өндөр өвгүүд нь цагаан хэрмийг хамт давж, 1000 хятадыг харваад алж байсан баримт олсон хүн гарсан байна. 17-р зуунд элэнцийн элэнц эмээ нь элэнцийн элэнцийн өвөөгийнх нь хүүхдийг гаргаж байсан гэх мэт ургийн мод зохиож ургуулсан тохиолдол нэг биш гарлаа.