Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ:

-Ачит ихт компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад жил гаруйн хугацаанд ажилласан. Өнөөдөр дүнгээ танилцуулж, Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө.

Нэгдүгээрт, “Ачит ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэл өглөө.

“Ачит ихт” компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд, 2013 онд анх Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж, овоолох ашиглах нөхцөл нь бүрдэж байсан байдаг. 2014 онд байгуулсан гэрээ нь 34 хувийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр гарч байсан. Харамсалтай нь 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийг хүчингүй болгож, уг шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд “Ачит ихт” компанид нийт борлуулалтын 535 орчим сая ам.долларын ашгийг хийсэн байдаг. Үйл ажиллагааны маш бага хэмжээний зардлыг гаргасан байдаг. Яагаад бага вэ гэхээр энэ нь өөрөө үүсмэл орд байдаг. Үүсмэл ордыг бий болгоход Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая ам.долларыг зарцуулж бий болгосон орд учраас энэ ордыг ашиглаад олсон орлого бол зүй ёсоор тодорхой ашиг нь Эрдэнэт үйлдвэрт шингэх ёстой.

Хоёрдугаарт, Өнгөрсөн 8 жилийн хугацаанд эзэмшиж, олох байсан орлого алдагдсан боломж буюу 34 хувийг ашгийг нэхэмжлэх үүрэг чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт өглөө. 

Гуравдугаарт, 500 орчим сая ам.долларыг зарж, бий болгосон үүсмэл ордууд 100 хувь Эрдэнэт үйлдвэрийн өмч байх ёстой. Ачит ихт компани өмчлөөд байгаа овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн 100 хувь өмч байх ёстой. Энэ чиглэл дээр Эрдэнэт үйлдвэрийг өөрөө судлаад холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахыг үүрэг чиглэлийг өгсөн. 

-Эрдэнэт үйлдвэрт ашиггүй гэх шийдвэрийг гаргасан Ц.Даваацэрэн гэх хүн ямар нэг хариуцлага хүлээхгүй яваа шүү дээ?

-Тухайн үед Эрдэнэт үйлдвэр 34 хувийг эзэмших шаардлагагүй, ашиггүй гэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл аваагүй, Удирдах зөвлөлөөсөө чиглэл аваагүй нь өөрөө хууль зөрчсөн. Тухайн үед Эрдэнэтийн 49 хувь нь ОХУ-ын мэдэлд байсан. Энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд авлигатай тэмцэх газарт шалгагдаад шүүхэд шилжиж байсан тохиолдлууд байдаг. Харамсалтай нь шүүхээс мөрдөн байцаалт руу шилжсэн байдалтай явж байгаа.