Цаг үеийн мэдээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо. 

Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа болон удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий хамтарсан уулзалт зохион байгуулж, авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн юм. 

ГССҮТ-өөс орон нутаг төдийгүй нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанар, хүртээмжтэй үзүүлэх, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ арга туршлагыг нутагшуулах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. 

Тиймээс дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах зэргээр үе шаттай ажлуудыг хийх талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж тохиролцлоо. 

Мөн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан тус эмнэлэгт буй гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллуулах, хамтарсан мэс засал эмчилгээ хийх, цаашлаад тус нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийг өргөжүүлэхэд харилцан хамтарч ажиллахаар болсон байна. 

Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн хүн амд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал төвлөрлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой ажил юм.